Төсвийн “холион бантан”

2015-10-29 08:50:07

 

2016 оны төсвийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо. Эхний ээлжинд 2015 оны төсвийн тодотголоо хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэгт намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрчээ.  

 

Монгол Улс ирэх онд 6.9 их наядын орлого олж, 7.8 их наядын зарлага гаргахаар улсын сан хөмрөгийг хариуцдаг яамнаас тооцон УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүнийг ямар ч тооцоо судалгаагүй төсөв болсон хэмээн УИХ-ын зарим эдийн засагч гишүүн үзэж буй талаар өмнөх нийтлэлүүдэд дурьдсан билээ.

 

Тэгвэл Сангийн яамнаас оруулж ирсэн уг хуулийн төслийг олон улсын байгууллагууд үнэлж байгаа гэдгийг салбарын сайд хэлсэн. Тэрээр “Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв оруулж ирсэн гэж дүгнэж байна. Өмнө нь сонгуулийн өмнөх жил төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Жишээлбэл, 2012 оны төсвийг батлахдаа 745 тэрбум төгрөгийн цоо шинэ хөрөнгө оруулалтыг тавьж байсан. Энэ жилийн төсөв 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт л хийхээр тусгасан. Шинэ хөрөнгө оруулалтыг хассан тохиолдолд өөр зүйл оруул гээд тойргийн үзэл гишүүдээс илрээд байна. Сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулан өргөн барьдаг байсан. Харин бид 2016 оны төсвийг таналттай, хасалттай, хэмнэлттэй өргөн барьсан” гэлээ.

 

Өөрөөр хэлбэл, Сангийн яам төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан хэмээн тайлбарлаж байна. Тэгвэл ирэх оны төсвийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд орвонгоороо өөрчлөгдсөн гэнэ. Хамгийн энгийн жишээ татахад,  улстөрчид данхар бүтцээ багасга гэчихээд цомхотгоод оруулаад ирэхээр иргэдийг ажилгүй болголоо гэж шүүмжлэх. Энэ талаар Б.Болор сайд “Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байна. Бид үүн дээр 10-хан хувийн хэмнэлт хийе гэхэд асуудал дэгдэж байна. Нэг байгууллагын зардал сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байна. Үүнийг нь 10 хувиар бууруулъя гэхэд популизм хийж байна. УИХ төсөв батлах үүрэгтэй. Ямартай ч Засгийн газрын анх өргөн барьсанаас өөрчлөгдөж батлагдах юм шиг байна” хэмээсэн юм.

 

Тэгвэл Сангийн яамнаас Засгийн газрын бүтэцтэй холбоотой хуулийн төслийг татан авч, 2016 оны төсөвтэйгээ хамт хэлэлцүүлэхээр боллоо.

 

Энэ талаар Сангийн сайд тайлбар хийсэн. Тэрээр “Энэ төслийг Засгийн газрыг тогтворгүй байлгах хэрэгсэл болгох зүйлдээ ашиглах гээд байсан учир татахаас аргагүй болсон. Агентлагуудын татан буулгах санал оруулсан. Гэтэл үүнийг гишүүд маш их шүүмжилж байна. Энэ төсвийг буцааж татаж аваад УИХ-ын гишүүдийн санаанд нийцүүлж оруулж ирэхгүй бол батлах шинж алга” хэмээсэн юм.  

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газар яамдын тоог цөөрүүлэхээр оруулж ирсэн төслөө татан авсан юм бол 2016 оны төсвийн хуулийн төсөлд тусгасан параметрүүд өөрчлөгдөж таарна. Тэгэхээр Засгийн газар яаралтай хуралдаж энэ асуудлаа шийдтэл асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй” хэмээсэн.  

 

Өөрөөр хэлбэл, эхлээд энэ оны төсөвт тодотгол хийсний дараа 2016 оны төсвөө хэлэлцэн батлахаар болж байна.

С.Заяа

 

 

 


Нүүр хуудас