Д.Болдбаатар: “Шинэ тэнцвэр”-ийг заавал хийх ёстой

2015-10-28 09:43:55

 

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны хэлтсийн захирал Д.Болдбаатартай ярилцлаа.

 

-УИХ-аар ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Ирэх оны мөнгөний бодлогын зорилтыг товч танилцуулахгүй юу?

 

-2016 онд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч ирж байгаа төвөгтэй сорилт нь бий. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хурдтай өсөлтөөс эдийн засгийн идэвхжил буурч байгаа үеийн мөнгөний бодлого болж хувираад байна. Тэгэхээр нэг төрлийн мөнгөний бодлогоос нөгөө төрлийн бодлого руу шилжих орон зайд ирчихээд байна. Гол асуудал нь юу гэхээр эдийн засгийн гадаад тэнцвэр маань бүрэн хангагдаагүй учраас Монгол Улс санхүүгийн эх үүсвэрээ гадагшаа алдсаар байна. Үүнийг хамгаалж, валютын ханшийг тогтворжуулж, гадаад валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, тэнцвэрийг хангах. Тэнцвэртэй нөхцөл байдал бүрдсэний дараа эдийн засгийг хувийн хэвшилд тулгуурлан дэмжих зэрэг төвөгтэй асуудал тулгамдсан үед хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг Монголбанк санал болгож байна.

 

-Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй зараад, олж ирсэн орлогоо халамжид тараадаг байсан үе өөрчлөгдсөн гэдгийг хэлж байгаа. Нөгөөтэйгүүр яг ийм хүндрэлтэй үед мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шаардлагатай гэх шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимд нэлээд яригдаж байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бодитой боломж байна уу?   

 

-Уг нь зөв асуулт. Гэхдээ бид эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангалгүйгээр бодлогыг зөөлрүүлбэл санхүүгийн системдээ хүндрэл учруулж, гадаад валютын гарах урсгалыг нэмэгдүүлнэ. Энэ хүндрэлийн үр дагавар мэдээж валютын ханшаар илэрхийлэгдэж байгаа. Мөн хүндрэлийг бууруулж чадаагүйгээс Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулах зэрэг сөрөг нөлөөлөл бий. Уул уурхайн орлого ихтэй байх  үеийн эдийн засгаа бодвол бид гадаадад бараагаа зараад олж ирж байсан доллар нь худалдан авахад зарцуулж байгаа доллараас бага байсан.  Төсөв нь өндөр орлоготой, гадаад талдаа ч илүүдэлтэй байсан. Дотооддоо илүү их зарцуулалт хийж чадаж байсан. Мэдээж уул уурхайн эдийн засгийг тогтвортой, хурдтай хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой байсан гэдгийг шүүмжилж байна. Гэхдээ одоо нэгэнт тэр байдал өөрчлөгдсөн. Одоо “тэгэх байсан юм” гэх зэргээр ярих нь ажил хэрэгч биш.

 

-Инфляцийг ирэх онд хэдэн хувьд барихаар зорьж байна вэ?

 

-Инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлж байгаа. Цаашдаа 2017-2018 онд 5-7 хувийн хооронд барина. Инфляцийн тооцоо 7 хувьд байх нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөгүй. Дээрээс нь 7 хувийн инфляци бидний одоо яриад байгаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд нэмэр болох ёстой. Эдийн засаг маань нэг үе уул уурхайн салбараа түшиглэн хөгжиж байлаа. Бусад эдийн засгийн салбарт санхүүгийн эх үүсвэр бага. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, ажил үйлчилгээнүүд уул уурхай руу хошуурч байсан. Энэ бүтэц одоо өөрчлөгдөх ёстой. Одоо уул уурхайгаас орж ирэх орлого маань буурчихсан. Тийм учраас ажиллах хүч, ажил үйлчилгээнүүд уул уурхайн бус салбар руу буцаж очих ёстой. Үүнийг эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэж үздэг. Өөрчлөлт явагдаж байгаа энэ үед аль бизнес илүү ашигтай байна вэ гэдгийг тодорхойлоход нам төвшний инфляци чухал.

 

-Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээгээр инфляци 4.9 хувьтай гарсан. Монголбанк энэ онд дэвшүүлсэн 7 хувийн инфляцийн зорилтоо бүрэн биелүүллээ гэж үзэх үү?

 

-Энэ онд махны үнийн таамаглал дээр бага зэрэг хүлээгдээгүй өөрчлөлт гарч байх шиг байна. Мал сүргийн хэмжээ нэмэгдэж байгаа үед махны үнэ буурна төсөөлөх ёстой байсан байх. Гэхдээ зарчмын хувьд бид махны үнийг буулгахгүй, тогтворжуулах бодлого хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, буулгахаас илүү тогтвортой байх нь чухал гэсэн зарчим. Тэгэхээр махны үнэ буурч байгаатай холбоотойгоор инфляцийн зөрүү гарч байгаа.

 

-2016 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа энэ үед “Шинэ тэнцвэр” гэх ойлголт яригдах болсон. Үүнийг тайлбарлахгүй юу?

 

-Эдийн засгийн шинжлэх ухаанд яг шинэ тэнцвэр гэж нарийн ойлголт байхгүй. Гэхдээ бид үүнийг ингэж нэрлэж байгаа юм. Яагаад гэхээр эдийн засаг өмнөх шигээ төсөв нь тасралтгүй өсдөг, халамж нь тасралтгүй нэмэгдэж, хувийн хэвшлийн орон зайг төр эзэгнэж байдаг хэлбэртэй байж болохгүй гэдгийг л олон нийтэд илүү хурц, тод харуулахыг зорьж байгаа. Эдийн засгийн өсөлтийг хангах, бүтээмжийг сайжруулах зэрэг ердийн зорилтууд нь байнга яригддаг. Үүнийг одоо арай шинэ өнцгөөс харж, өөрчлөгдсөн зүйлс юу байна вэ гэдгийг анхаарах шаардлагатай болж байна. Хамгийн эхний асуудал юу гэхээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзэлж байгаа хувь өндөр байна. 2017 онд төлөх их өр хүлээгдэж байна. Үүнтэй холбогдуулаад улсын төсвийн өрийг битгий нэмэгдүүлээч гэсэн зөвлөмжийг өгсөн байгаа. Нөгөө талдаа гадаад тэнцвэрээ хангах асуудал. Монгол Улс гадаадад худалдаж байгаа бараа, үйлчилгээний орлогын хэмжээ гадаад руу төлж байгаа хэмжээнээсээ давж байх ёстой. Тэгж байж, бид дотооддоо эдийн засагт хуримтлал хийх, эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж бий болно. Гуравдугаарт, уул уурхайн супер цикл байна. Энэ сүүлийн 200 гаруй жилд хоёр, гуравхан удаа л тохиолдож байгаа зүйл. 2011 оноос эхлээд, 2013 он хүртэл л үргэлжлээд, унаж байгаа. Супер цикл нэгэнт уналтынхаа мөчлөг рүү шилжиж байгаа үед бид урт хугацааны эдийн засгийн бүтцээ бий болгох шаардлагатай байна. Урт хугацаанд бид юу үйлдвэрлэж, ямар бүтээгдэхүүн худалдаж, хуримтлалаа бий болгож, дараагийн үедээ эдийн засгийн сайхан орчныг үлдээх вэ гэдэг асуудал.

 

-2016 онд гаднаас эх үүсвэр татах ямар нөхцөл, боломж байна вэ. Засгийн газар өрөө нэмэгдүүлж болохгүй гэж байгаа. Гэтэл 2017 онд их өр төлөх хугацаа ойртчихсон байна. Ийм үед та бүхний ярьж байгаа “шинэ тэнцвэр”-ийн бодлого хэрэгжих боломж байна уу?

 

-Боломжийн тухай ойлголт биш. Энэ хийх ёстой ажил болж хувирсан. Мэдээж гадаад зах зээлээс орж ирэх валютын эх үүсвэр яг тэд, эд гэж хэлэхэд төвөгтэй. Юутай ч бид эдийн засгийн бодлогын өөрчлөлтөө хийж, олон улсны зах зээлээс санхүүгийн эх үүсвэр татах ажилдаа орох хэрэгтэй. Дээрээс нь эдийн засагт тогтвортой нөлөө үзүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий 20 хүртэлх хувьд хүргэж байж, эдийн засгийн тодорхой үр дүнд хүрэх бололцоотой. Үүний тулд гадаад худалдааны урсгал тэнцлийг эерэг байлгах ёстой. Бодлогын хувьд нэг их хэцүү, төвөгтэй биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх асуудал. Үүн дээр санал нэгдэж, хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөв зохион байгуулах асуудал. 

 

-Жил бүрийн төсвийг хэлэлцэхэд мөнгөний бодлоготой хэр уялдаж байна вэ гэх асуудал яригддаг. Мөнгөний бодлого төсөвтэйгөө хэрхэн уялдаж байна вэ. Тухайлбал, Монголбанк төсвийг алдагдалгүй батлах зөвлөмж өгч байгаа. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслөөр алдагдал ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэхээр байна? 

 

-Энэ хоёр тоо яг мөргөж таарах ёстой зүйл биш. Төсвийг 3.3 хувийн алдагдалтай болон алдагдалгүйгээр батлах аль ч хувилбарт бид мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд, 7 хувийн зорилтдоо хүрэх боломжтой. Гэхдээ төсвөө балансжуулсан хэлбэртэй байлгаад, хувийн секторт илүү их орон зай олгох нь эдийн засаг нь зөв өөрчлөлтдөө орох боломжийг нэмэгдүүлнэ. Түүнээс биш мөнгөний бодлого өөрөө төсвийн бодлогыг заавал дагах ёстой зүйл биш. Хоёрдугаарт, төсвийн бодлогыг орлох хэмжээнд эерэг, эсвэл сөрөг үр дүнд хүрэх боломжгүй. Төсвийн бодлого гэдэг маань макро эдийн засгийн үндсэн бодлого. Үүн дээр гарч ирж байгаа хэлбэлзлийг нь мөнгөний бодлогоор засч, хувийн хэвшилд олгож байгаа мөнгөний нийлүүлэлтээ ихэсгэх, багасгах зэрэг арга хэмжээ авдаг. Төсвийн бодлого өөрөө яаж хэрэгжинэ, түүнд зохицож, мөнгөний бодлого хэрэгжинэ.

 

-Ярилцсанд баярлалаа.

Л.Дэлгэр


Нүүр хуудас