Мөрөөдөл: Орлого & зарлага

2015-10-28 07:12:00

 

Монгол Улс ирэх онд 6.9 их наядын орлого олж, 7.8 их наядын зарлага гаргахаар улсын сан хөмрөгийг хариуцдаг яамнаас тооцон УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүнийг ямар ч тооцоо судалгаагүй төсөв болсон хэмээн УИХ-ын зарим эдийн засагч гишүүн үзэж буй талаар өмнөх нийтлэлдээ дурьдсан. Түүнчлэн улсын өр хяналтгүй нэмэгдэж буй нь аюулын харанга дэлдэж байгааг ч хөндсөн билээ. Энд дарж үзнэ үү.

 

Тэгвэл энэ удаа Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн орлого, зарлагын задаргааг танилцуулж байна. Монгол Улс ирэх онд 6.9 их наядын орлого олж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь, ард иргэдийн амьдрал хүнд байхад татвар нэмж, төсвийн орлого бүрдүүлэх нь буруу гэж үзэх гишүүд байна. Ирэх онд татварын орлогоос 5 их наяд 527 сая төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнээс онцгой албан татварыг нэмэх замаар 709 сая төгрөг төвлөрүүлэх юм байна. Шатахууны үнэ олон улсын зах зээл дээр буурсан ч Монголд жижиглэнгийн үнэ буурахгүй байгаа. Тиймээс онцгой албан татварыг нь нэмсэн ч жижиглэнгийн үнэ буурахгүй гэх тайлбарыг төсөл санаачлагчид өгч буй юм.

 

Гэхдээ ирэх оны төсөвт орлого төвлөрүүлэхдээ шатахуун импортлогчид нэмэгдсэн татвараар төлж эхэлбэл шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Тэд зах зээлд монополь эрхтэй гэдгээрээ далимдуулан үнийг нэмэхийг зарим эдийн засагч үгүйсгэхгүй байгаа. Хэрэв шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өснө.

 

 

Нэгэнт ийм хэмжээний орлого олж чадахгүй учраас зарлагыг 7.8 их наядаар тооцсон нь мөн л шүүмжлэл дагуулах. Хямралтай үед зарлагыг бууруулж, хямгадахаас бус нэмэгдүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Зарлагыг бууруулна гэсэн ч бодит байдал дээр 500 орчим тэрбум төгрөгөөр зардал нэмэгдүүлсэн төсөл өргөн бариад буйг УИХ-ын гишүүд хэлж байгаа.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Төсвийн зардлыг 446 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож оруулж ирсэн байна. Гэтэл 697 тэрбум төгрөгийн зарлага нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Хассан зардал дээрээ нэмээд 300 орчим тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлэхээр төсвийн төслөө оруулж ирсэн. Тэгэхээр энэ төсөв эрүүл болж чадаагүй байна. Нийт урсгал зардлын 12.7 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөрт явах төсвийн төслийг оруулж ирсэн байна” гэлээ.

 

Орлогыг бодитой төлөвлөхгүй сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хиймлээр тооцох нь буруу гэдгийг ч эдийн засагчид хэлж буй юм.  

 

 

С.Заяа


Нүүр хуудас