Э.Цолмонбаяр: Өөскөөгийн уруул санаанаас гардаггүй

2015-10-27 10:46:05

 

Заримдаа хэнд ч хэлээгүй үлдсэн нууц зүрхний гүнд хадаастай байдаг. Хааяа бодоход гэгээн, цагаахан дурсамж цалгиасан хором мөчүүд зургийн хальс мэт зурсхийнэ. Энэ бүхэн бидний туулж өнгөрүүлсэн амьдралын тод дурсамжууд билээ. Тэгвэл өнгөрсөнд үлдсэн сайхан бүхнээс эргэн дурсах, өнөөдрийн амьдралын хэсэгхэн хормоос эргэцүүлэх цөөн асуулт бүхий “Селфи”  булан танд хүрч байна.

 

Энэхүү булангийн маань анхны зочноор “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин, МУСТА Э.Цолмонбаяр уригдаж, өөрийнхөө зарим нууцаас дэлгэлээ.

 

- Яг одоо таны селфи?

 

2015-10-26

 

-Таны анхны утас?

 

 -2001 онд скайтелийн том хар утас барьж байсан. Ээж маань авч өгсөн юм. Тэрийгээ жил гаран барьсан шүү. Тэгээд л ажиллахаа байгаад яваандаа сувинер болсон доо хөөрхий. /инээв/

 

-Одоо?

 

-Iphone-6 барьж байна.

 

-Анхны ажил?

 

-Анх 6-7 ангид орох зуныхаа амралтаар ундаа зарж, мөнгө олдог байлаа. Мөнгө олоод бас шалихгүй ээ. Нэг ундаанаас 50 төгрөг л олдог байсан. /инээв/ Гэхдээ бас хоосонгүй ээ. Хичээлийн хэрэгслийн мөнгөндөө нэмэрлэчихдэг байлаа.

 

-Анхны цалин?

 

-Анх барилгын компанид наймдугаар ангийнхаа зуны амралтаар ажиллаж, цалин авч байв. Гэхдээ олсон мөнгөө шууд ээждээ өгсөн. Ээж ёстой яасныг бүү мэд. /инээв/

 

-Түүгээрээ юу худалдаж авч байв?

 

-Өөртөө зарцуулаагүй. Ээждээ шууд өгсөн. Бодвол дүү бид хоёрт хичээлийн хэрэгсэл авсан байх.

 

-Одоо?

 

-Одоо “ТВ коктейль” хамтлагтаа ажиллаж байна. Бид нар чөлөөт уран бүтээлч болохоор яг тогтсон цалин гэх юм байхгүй. Олох үедээ олно, хоосон үедээ хоосон. Хамгийн гол нь хийсэн ажлаасаа кайф авч бүр илүү ихийг хийх хүч авдаг нь бидний хувьд хамгийн том цалин юм уу даа.

 

-Анхны машин?

 

-2012 онд Crown маркийн автомашин худалдаж авсан. Одоо ч түүнийгээ унаж байна.

 

-Санаанаас  тань гардаггүй уруул?

 

-“Намрын синдром” кинонд тоглох үед жүжигчин Өөскөтэй үнсэлцэх хэсэг гарсан. Эрэгтэй хүнтэй үнсэлцэх гэхээр их эвгүй, тэгээд чадахгүй. Нэлээд юм болсон. Гэтэл найруулагч загнасаар байгаад үнсэлцүүлчихсэн юм. Эрэгтэй хүний зузаан бас сонин уруул. Тэр уруулыг мартдаггүй. Үнэхээр эвгүй байсаан. Гэхдээ эхнэрт нь гоё байдаг байх л даа. /инээв/

 

 

-Хамгийн сүүлд өөртөө юу худалдаж авсан бэ?

 

-Өөртөө юм худалдаж аваагүй л байна. Саяхан эхнэр маань UGG-ийн өвлийн гутал авч өгсөн.

 

-Амьдралдаа хамгийн их өлсөж байсан үе?

 

-Хамтлагийнхантайгаа оюутан байхдаа л их өлсдөг байж билээ. Ер нь урлагт орсон залуус бол амьдралынхаа турш уран бүтээлээр өлсгөлөн явдаг болов уу гэж боддог. Яагаад гэвэл, тийм юм хийх юмсан, ийм ч гоё бүтээл хийх юмсан гэсээр байнга л өлсгөлөн яваа байх. /инээв/

 

-Хэнээс ямар үгийг хамгийн их сонсдог вэ?

 

-Дүү нарынхаа болон найзуудынхаа хүүхдээс “Хайртай” гэдэг үгийг л их сонсдог. Одоо бол ээж шиг, хүүхэд шиг байдаг хүн маань миний хань. Ханиасаа “Ирэх болж байна уу” гэсэн үгийг их сонсдог. /инээв/

 

 

-Хүүхэд байхад өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл?

 

-Гуравдугаар ангид байхдаа “Би эндээс явахгүй” кинонд тоглохоор тэнцсэн юм. Тэгээд хөдөө очтол ерөөсөө унтаж чаддаггүй. Тэгтэл найруулагч замын унаа зогсоогоод “Одоо нэг явж үзээд болохгүй бол ээжийнх нь ажил дээр хүргэж өг. Сургууль дээрээ очоод “онигоо болог” гэсэн яриаг сонсоод хичээхээр шийдсэн юм. Одоо бодохоор ээж минь намайг урлагийн хүн болгохоор шийдсэн нь хамгийн оновчтой шийтгэл байсан шиг санагдаж байна.

 

-20 настай байх үеийн өөртөө юу гэж захих байсан бэ?

 

-Яг хорин насныхаа төрсөн өдрийг үнэхээр нижгэр тэмдэглэж байснаа санаж байна. “Хорьж болохгүй 20 нас” гээд л онгирч, омогшоод. Яг тэр үедээ очвол “Цаг алдалгүй бүр илүү хөдөлмөрлө” гэж хэлэх байсан болов уу.

 

-Таны бусдаас өвөрмөц зуршил?

 

-Миний бусдаас өвөрмөц зуршил гэхээр өөрийгөө магтсан болох вий дээ. Хүнд их тусалдаг зуршилтай. Яагаад ч юм бүү мэд. Бараг миний хобби болсон доо. “Өдрийн ажлыг 100 хувь гэж тооцвол 70-80 хувьд нь бусдад тусалж өнгөрүүлсэн байх жишээтэй. Гэхдээ хүнд л тусалж байж өөрийн ажил бүтдэг шиг байгаа юм. Заримдаа “Амжихгүй гээд хэлчихгүй” болгох гэж яваад амжихгүй мартаад, хүн гомдооно оо бас. /Инээв/

 

-Хамгийн том бүтэлгүйтэл?

 

-Нэг их айхтар бүтэлгүйтэж байгаагүй юм байна. Ер нь л олны дэм, найз нөхдийн буянаар ажил минь амархан бүтчихдэг.

 

-Хамгийн хачирхалтай нөхөрлөл?

 

-Хамгийн хачирхалтай нь Бадар-Ууган аваргыг Олимпийн аварга болж байхад нь би таньдаггүй байлаа. Бахархаад л, “Мундаг юмаа, нэг уулзаж, баяр хүргэхсэн” гэж боддог байв. Хүн бүхэн тэгж боддог байсан үе байх. Тэгтэл нэг мэдсэн санаандгүй танилцаж, найзалж эхэлсэн. Бидний энерги нь таарсан юм байлгүй. Одоо бид гэр бүлийн болон амьдралын найзууд болж, зовлон жаргалаа хуваалцдаг болсон.

 

-Өөрийнхөө ямар дутагдалтай эвлэрсэн бэ?

 

-“Candy crash”-т донтсон байдалтайгаа эвлэрсээн. Хаяж чадахгүй юм билээ. /инээв/

 

 

-Найзуудын өгч байсан хамгийн хачирхалтай зөвлөгөө?

 

-Би нэг найздаа “Турмаар байна” гэж ярьтал “Чи тураад хэрэггүй” гэж үнэн сэтгэлээсээ зөвлөсөн. Тэгтэл энэ зөвлөгөөг нэлээд хэдэн найз маань надад хэлсэнд би их гайхсан.

 

-Юунд хамгийн их мөнгө зарцуулдаг вэ?

 

-Ер нь нэлээд үрэлгэн хүн шүү. Ихэнхдээ аялалд мөнгө их зарцуулдаг. Эхнэр бид хоёр гадагшаа аялах боломж олдвол явах дуртай. Харин юунд мөнгө үрэх дургүйгээ санахгүй байна. Ер нь мөнгө үрэх дургүй хүн гэж байдаг юм уу. /инээв/

 

-Хэтэвч хоосон хэд хоног гүрийсэн бэ?

 

-Ээ тэгээд зөндөө байгаа дөө. Үе үе хоосорно шүү дээ. /инээв/ Сүүлийн үед бол хэтэвч маань байнга л хоосон явж байна. Учир нь, мөнгөө дандаа картанд хийдэг болсон. /инээв/

 

-Эдийн засгийн хямралыг даван туулахад таны оруулж буй хувь нэмэр?

 

-Ер нь хямралтай үед урлагийн бидний оруулах хувь нэмэр их шүү. Сайхан бүтээл, дуу, кино, хөгжим зэргийг хүмүүс үзэж, сонссоноор нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, цаг үеэ зөөллөнө гэж боддог ш дээ.

 

-Таны амжилтын нууц гэвэл?

 

-Миний амжилтын нууц гэвэл хамгийн чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж, шантралгүйгээр хөдөлмөрлөх. Ер нь манай багийн амжилтыг нэг үгээр хэлбэл, “Үнэнч” байдал гэж хэлж болно.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

П.Мөнхжаргал

 

 

 

 


Нүүр хуудас