Төсөв 2016: Өрийн дарамтыг хэрхэн давах вэ

2015-10-27 07:45:00

 

Монгол Улс 2016 оны төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээний төлбөрт зарцуулахаар байгаа. Цаашдаа 2017 он гэхэд нийт төсвийн орлогынхоо 50 хувийг өр төлөхөд зарцуулна гэж буй билээ. Өрийн дарамт ийн нэмэгдэж байгаа үед төр засаг ямар бодлого баримтлах вэ. Өрийн дарамтыг хэрхэн даван туулах талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ. 

 

Ч.Анхбаяр: Өрөө дахин санхүүжүүлбэл, өндөр хүү төлнө

 

/Эдийн засагч, судлаач/

 

-Монгол Улс ирэх онд 900 гаруй тэрбум төгрөгийн өр төлөх нь. Цаашдаа эдийн засагт өрийн дарамт улам нэмэгдэх нь гэх зүйлийг улстөрчид, эдийн засагчид хэлж анхааруулж байна. Тэгвэл өрийн дарамтыг даван туулах чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-867 орчим тэрбум төгрөгөөр өр төлөх тоо байгаа. Энэ өрийг төлөх орлогын эх үүсвэр юу гэхээр их хэцүү байна. Гадаад худалдааны нийт эргэлт маань өмнөх жилтэй харьцуулахад хасах дүнтэй болчихлоо. Нийт гадаад худалдаа маань буурчихсан. Тэндээс авах импортын татвар буурах хандлагатай байна. Гэтэл импортын татвар төсвийн орлогын 50 хувийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр худалдааг яаж сайжруулах вэ гэдэг асуудал байна. Худалдааг сайжруулж, тэндээс орж ирэх орлогоор өрийг төлөх нэг арга бий. Хоёрдугаарт, төсвийн алдагдал өөрөө энэ янзаараа өсөөд байвал нэг их наяд төгрөгийг өлхөн давах нь. Ирэх жилүүдэд энэ нөхцөл байдал үргэлжилбэл, төсвийн ажилчдаа хэрхэн цалинжуулж, урсгал зардлаа санхүүжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Муугаар бодоход гадаадаас орж ирэх тусламжийн мөнгөөр төсвийн ажилчдынхаа цалинг тавихаас өөр аргагүй болно. Орлого бүрдэхгүй байгаа ийм үед өрийн асуудал бүр их хүндрэл үүсгэж байгаа.

 

-Өрөө төлөхийн тулд дахин өр авах асуудал яригдаж байгаа. Энэ зөв шийдэл мөн үү?

-Өрөө дахин санхүүжүүлэх асуудал байж болно. Гэхдээ тэр бондын хүү одоогийн улсын зэрэглэлийг авч үзвэл хоёр оронтой тоонд хүрэхээр байна. Бүр тодруулбал, 10.125 хувиар олдох боломжтой. Энэ бол асар өндөр хүү.

 

-Одоо тэгээд яавал дээр вэ?

-Угаасаа өрийн даац маань хэтэрчихсэн. Засгийн газрынх, төв банк, банкууд болон компани хоорондын өрийг ДНБ-тэй харьцуулбал, 216 хувьтай байгаа. Өр дахиж тавина гэдэг үнэхээр арга ядсан арга. Тэгэхээр дотооддоо ямар нөхцөл бололцоо байна вэ, түүнийгээ л дайчлах хэрэгтэй. Энэ маань төсөв ирэх онд, 2017, 2018 онд улам л хүндэрнэ гэсэн үг. Хүнд байдлыг арай жаахан хөнгөлөхийн тулд олон яамдыг цөөрүүлэх, цалинг бууруулах, халамжуудыг зогсоох хэрэг гарна. Хэцүү ч гэсэн үүнийг хийж чадвал дараа нь бид төрийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтын хувьд их зөв болчих боломжтой.

 

Б.Батжаргал: 40 хувийн хязгаарыг хууль зөрчиж нэмэгдүүлсний уршиг

 

/Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан, эдийн засагч/

 

-Монгол Улс ирэх онд 900 гаруй тэрбум төгрөгийн өр төлөх нь. Цаашдаа эдийн засагт өрийн дарамт улам нэмэгдэх нь гэх зүйлийг улстөрчид, эдийн засагчид хэлж анхааруулж байна. Тэгвэл өрийн дарамтыг даван туулах чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Чингис бонд бусад бондыг босгож байх үед тооцооллыг хийж байсан. Өөрөөр хэлбэл, өрийг буцааж төлөх хуваарь нь тодорхой байсан. Тэр үед нь тоогоогүй. Яг тулаад ирэхээр нь одоо сандарч байна. Тухайн үед Сангийн яам ямар тооцоо, судалгаа хийж байсан бэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлж ийм өндөр байхгүй.  Тийм учраас богино хугацаанд энэ үнэ буурна. Буурсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг тооцоолоод, 40 хувийн өрийн босгыг гаргасан. Хууль маань хэрэгжээд явж байтал нэг жилийн дараа Засгийн газар гарч ирээд, 40 хувь хэт бага байна гэж шүүмжилсэн. Хоёрдугаарт, өрийн хязгаарыг 4 чиглэлээр сэт цохисон. Нэгдүгээрт, 40 хувийн хязгаарыг хууль зөрчиж хэтрүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газрын баталгааг өрийн нийт дүнгээс гаргасан. Гуравдугаарт, концессыг өрийн ангиллаас гаргаж, ямар ч хязгааргүйгээр концесс байгуулж эхэлсэн. Дөрөвдүгээрт, Төв банк юанийн своп хэлцлээ 10 тэрбумаас 15 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ингээд дөрвөн чиглэлээр өрийн хязгаараа сэтлээд, их хэмжээний мөнгийг эдийн засаг руу цутгаж эхэлсэн. Үүнийгээ эдийн засгийн уналтаас сэргийлсэн бодлого гэж тайлбарладаг. Үнэндээ тухайн үед эдийн засгийн уналт биш гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн бууралт л ажиглагдаж байсан. Нэг ёсондоо болох л ёстой процесс. Энэ процессыг хүчээр зогсоох гэж их хэмжээний төгрөг нийлүүлсэн. 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг эдийн засаг руу шахчихаар төгрөгийн ханш унасан. Ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал 2017, 2018 онд энэ хэвээр хүнд байна. Одоо дөнгөж л амсаж эхлэх гэж байна.

 

-Өрөө төлөхийн тулд дахин өр авах асуудал яригдаж байгаа. Энэ зөв шийдэл мөн үү?

-Зүйрлүүлж хэлбэл, би Хаан банкныхаа зээлийг Голомт банкнаас дахиж зээл аваад төлөх гэж байгаатай л адил. Энэ бол хамгийн муу шийдэл. Ард иргэдэд улам л хүндээр тусна.

 

-Одоо тэгээд яавал дээр вэ. Зөв гарц нь юу байж болох вэ?

-Манай эдийн засгийн төсвөөс, 60 хувь нь мөнгөний бодлогоос шалтгаалж байгаа. Мэдээж төсвийн бодлогоо хатуу барих нь зүйтэй. Гэтэл үүний нөгөө талд мөнгөний бодлого дээр ямар өөрчлөлт хийх гэж байна вэ гэдгээ тодорхой ярихгүй байгаа. Тэгэхээр төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёулаа л хатуурах ёстой. Үүнийг олон жилийн өмнөөс хэлж, ярьсаар ирсэн.

 

Ж.Дэлгэрсайхан: Өрийг дахин санхүүжүүлэхээс өөр аргагүй болчихлоо

 

/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч/

 

-Монгол Улс ирэх онд 900 гаруй тэрбум төгрөгийн өр төлөх нь. Цаашдаа эдийн засагт өрийн дарамт улам нэмэгдэх нь гэх зүйлийг улстөрчид, эдийн засагчид хэлж анхааруулж байна. Тэгвэл өрийн дарамтыг даван туулах чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай. Ялангуяа дотоод өрийг Засгийн газар дотоодын зах зээл дээрээ дахиж тавимааргүй байна. Энэ бол мөнгөний нийлүүлэлт хумигдаж байгаа үед дотоод зах зээлд их дарамттай, мөнгөний хумих бодлогыг улам дэмжсэн зүйл болно. Гадаад зах зээлийн хувьд өр тавихдаа хүрвэл маш бодлоготойгоор л өрийг нэмэх асуудлыг ярих ёстой. Бид магадгүй өнөөдөр өрөө нэмэхээс өөр гаргалгаагүй болох гээд байна. Тэгэхээр бид өрийн дарамтыг яг өмнөх шигээ нэмээд байх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, зорилго, чиглэлгүй. Зүгээр л бүтээн байгуулалт гэх маягаар өр нэмэх боломжгүй болсон. Тийм учраас энэ жилийн төсвийг үнэхээр реформ гэж нэрлээд байгаа юм бол алдагдалгүй батлах ёстой. Төсвийн зардлаа хумих ёстой. Одоо өргөн баригдсан төсөв зардлаа хумиагүй байгаа. Сүүлийн жилүүдэд төсвийн зардал маш их хэмжээгээр нэмэгдсээр ирсэн. Тийм учраас хумих боломжтой гэж харж байгаа. Алдагдал гэдэг бол шууд өр гэсэн үг. Тэгэхээр өрийн дарамт цаашдаа улам нэмэгдэнэ. Монгол Улс одоогоор өрөө хэрхэн яаж даах вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

 

-Өрийг дахин санхүүжүүлэх буюу дахин зээл авч, өрөө төлөх асуудал яригдаж байгаа. Энэ оновчтой шийдэл мөн үү?

-Хоёр зүйлийг ялгаж, салгах ёстой. Бусад орнууд ингээд л явдаг гэсэн тайлбарыг төр засгийнхан тавьж байгаа. Бусад орон цувралаар бонд гаргаад явдаг нь үнэн. Гэхдээ бусад оронтой харьцуулахад манайх өмнөх үр ашиггүй зарцуулсан зүйлийг бондоор нөхөх гэж байгаа. Өмнөх үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлчихээд, тэрнийх нь үр дүн гараагүй байхад бондынхоо өрийг дахин санхүүжүүлээд явдаг жишиг бол бий. Гэтэл бид өмнө нь үр ашиггүй зарцуулсан зарцуулалтаа өрөөр нөхөх гэж байна. Энэ маш буруу. Гэхдээ бид өрийг өрөөр нөхөхөөс өөр аргагүй болох хандлага бий болчихлоо. Шинээр бонд авлаа гэхэд өмнө нь авсан өрийг л төлөх гэж байгаа учраас эдийн засагт үр өгөөж өгөхгүй нь. Тэгэхээр дараа нь дахиад л дарамтыг нэмэгдүүлнэ. Энэ хамгийн муу хувилбар. Гэхдээ үүнээс өөр арга алга.

 

-Одоо тэгээд яавал дээр вэ. Зөв гарц нь юу вэ?

-Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тэр нь өнөөдөр төсвөө зөв хийхээс эхлэх ёстой. Төсөвтэйгөө уялдсан зөв мөнгөний бодлоготой байх ёстой. Энэ хоёр бодлоготойгоо уялдаад эдийн засагтаа аль салбарыг бодлогоор дэмжих вэ гэх асуудал. Бодлогоор л дэмжих ёстой, шууд дэмжлэг бол хэрэггүй. Тийм болохоор бидний гарц яг тэр, энэ гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ өнөөдрийн бүх үйлдлүүдээ зөв болгож, асуудлаа цогцоор нь харах ёстой. Зүгээр нэг төсвийн зарлагыг хэмнэж байна гээд ганц хоёр хүний цалин бууруулах байдлаар хандаж болохгүй.

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас