Төсвөөс төлөх “их” өр

2015-10-27 07:10:00

 

Монгол Улс ирэх онд 6.9 их наядын орлого олж, 7.8 их наядын зарлага гаргахаар улсын сан хөмрөгийг хариуцдаг яамнаас тооцон УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүнийг ямар ч тооцоо судалгаагүй төсөв болсон хэмээн УИХ-ын зарим эдийн засагч гишүүн үзэх. Ялангуяа өрийн асуудалд тоомжиргүй хандаж буйг олон тоо баримтаас харж болно хэмээсэн.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Монгол Улсын дотоод, гадаад өрийг 2016 оны төсөвт онцгой анхаарах ёстой. Энэ асуудлыг Монголбанкны мөнгөний бодлогод ч тусгасан байна лээ. Өөрөөр хэлбэл, өрийн удирдлагын зохистой бодлого хэрэгжүүлж өгөөч гэсэн байсан. Энэ асуудал ирэх оны  төсөв дээр өрийн ачаалал нэмэгдэнэ гэсэн утгаар нь бодож Хөгжлийн банкны хоёрдугаар хавсралтыг танах боломж байна” гэлээ.

 

Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.доллар болж, 2012 онд 11.6 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад бараг хоёр дахин өсчээ. Үүний дотор Засгийн газрын өр зонхилох хэсгийг эзэлж байгаа аж. Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 13.7 их наяд төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, 1990-2012 хүртэл хугацаанд Монгол Улсын тавьсан өрийг ганцхан жилийн дотор Н.Алтанхуягийн Засгийн газар тавьсан гэдэг.

 

Өрийн талаар эдийн засагчид ингэж ярив

 

 

2016-2018 онд манай улсын төлөх өр их хэмжээгээр нэмэгдэхээр байгаа. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын төр, хувийн хэвшил нийлээд 900 орчим сая, 2017 онд 2 тэрбум, 2018 онд 1.3 тэрбум гаруй, нийт дөрвөн тэрбум ам.долларын гадаад өр төлөх аж. Энэ нь одоогийн ханшаар бодоход найман их наяд төгрөг.

 

 

Өр, зээл улсын эдийн засаг, төсвийн даах хэмжээнээс хэтэрсэн гэх. Тухайлбал, авсан зээлийн хүүний төлбөрт ирэх онд 962 тэрбумыг төлөхөөр 2016 оны төсөвт тусгасан байна. Энэ нь төсвийн 37 хувийг эзэлж буй аж. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсөвт суулгах замаар энэ их өрийг төлөх юм.

 

 

Нэгэнт гадаад дотоодын өрийн хүүнд 962 тэрбум төгрөг төлөх учир төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр тэглэх ёстой гэж эдийн засагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, төсвийг одоогийн оруулж ирсэн хэлбэрээр ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээгээр баталбал энэ ачааллыг дааж чадахгүй гэх. Түүнчлэн улсын төсвөөс төлөгдөх өр, зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэх учир алдагдлыг тэглэх шаардлагатай байгаа юм.

 

С.Заяа


Нүүр хуудас