Монгол туургатан боксоор өрсөлдөнө

2015-10-26 11:51:00

 

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс анх удаагаа Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар  болжээ.

 

Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион  байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.

 

Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад эхэлжээ.

 

Тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

 

Тус тэмцээнд: 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцох юм байна.

 

Тэмцээний шагналын сан нь  Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай юм байна. Тухайлбал, зургаан жин тус  бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой  шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас