Аль нь чухал вэ...Соёлын төв & Эмнэлэг

2015-10-26 08:45:49

 

-Соёлын төвд барихад 10.9 тэрбум, эмнэлэг барихад 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ-

 

Монгол Улсад Соёлын төвүүд хэрэгтэй юу, эсвэл шинэ эмнэлэг хэрэгтэй юу. Хэн нь ч гэсэн энэ асуултад эмнэлэг хэрэгтэй гэж хариулах байх. Мэдээж Монгол Улсад эмнэлэг, сургууль, цэцэрлэг дутагдалтай байна. Тийм учраас хэчнээн эдийн засгийн хүндрэл, хямралтай байсан ч төр эмнэлэг, сургууль шинээр барихад гар татахгүй байх ёстой.

 

Тэгвэл 2016 оны төсөвт шинээр 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Сангийн сайдын хэлснээр энэ нь “Хүндрэл, хямралтай байсан ч заавал хийх ёстой хөрөнгө оруулалт” юм. Гэхдээ 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг задлаад үзвэл жишээ нь шинээр дөрвөн суманд соёлын төв барихад 10.9 тэрбум төгрөг, шинээр эмнэлэг барихад 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг суманд шинээр 240 суудалтай соёлын төв барихад 1.6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2016 онд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Мөн Архангай аймгийн Хотонт суманд 400 суудалтай Соёлын төв барихад ирэх онд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Увс аймгийн Зүүнговь суманд Соёл хүмүүжлийн төв барихад 3 тэрбумыг, Ховд аймгийн Дөргөн суманд Соёлын төв барихад 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.

 

Тэгвэл шинээр эмнэлэг барих төсөв ямар байна вэ. 2016 оны төсвөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд шинэ эмнэлгийн барилга барихад 1.4 тэрбум, Дархан-Уул аймгий Дархан сумын 13 дугаар багт төрөх эмнэлгийн барилга барихад 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.

 

Мөн БНСУ-ын Засгий газрын зээлээр хэрэгжиж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн Монголын талын хөрөнгөд 2 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Юун түрүүнд шинээр барих эмнэлгийн барилга ердөө хоёрхон байгаа гэдгийг онцолъё. Харин соёлын төвийг дөрвөн газарт шинээр барих нь. Мэдээж суманд соёлын төвийн барилга барьж болно. Тэнд амьдарч байгаа хүмүүст соёлын үйлчилгээ хэрэггүй гэж хэлэхгүй.

 

Гэхдээ эдийн засгийн хүндрэл, хямралтай үед заавал 10 тэрбум төгрөгөөр Соёлын төв барих шаардлага байна уу гэж хэлэх хүн цөөнгүй байна. Гэтэл үүний нөгөө талд хямралтай ч гэсэн монголчуудад төрөх эмнэлэг дутагдалтай байна. Тиймээс төрөх эмнэлэг барих зайлшгүй шаардлагатай хэвээр л байгаа. Нийслэлд л гэхэд олон жилийн турш хүлээгдэж байгаа Дөрөвдүгээр төрөхийн барилгыг дуусгахад ямар нэгэн хөрөнгө оруулалт төсөвлөөгүй байх жишээний.

 

Соёлын төвөөс гадна шаардлагагүй гэмээр хөрөнгө оруулалтууд төсөвт олон байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нэг загварын байр барихад 450 сая төгрөг, Орхон аймагт угтах хаалганы их засварт 292 сая төгрөг зарцуулахаар тусгасан нь анхаарал татаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт Замын цагдаагийн пост барихад 140 сая төгрөг, Аглаг бүтээлийн хийд рүү 6.9 тэрбум төгрөгөөр автозам барих гэх зэргээр онцын шаардлагагүй гэмээр хөрөнгө оруулалтуудын жагсаалт цааш үргэлжилнэ. Аглаг бүтээлийн хийдийн тухайд улсад ямар нэгэн татвар төлөхгүй. Шашны буюу төрийн бус байгууллага. Яг л гандан хийдтэй адил. Гэтэл улсад эргээд нэг ч төгрөг төлөхгүй, тэр дундаа хувийн хэвшлийн гэмээр хийдэд төр засаг 6.9 тэрбум төгрөгөөр автозам барьж өгнө гэдэг хямралын үед лав хийх ажил биш байлтай.

 

Нөгөөтэйгүүр үнэндээ 290 сая төгрөгөөр хаалга барихын төлөө 2000 хүний цалинг хасах нь шударга ёсонд нийцэх үү. Мөн 200 сая төгрөгөөр Ховд аймагт Төрийн далбааны өндөрлөг байгуулахын төлөө бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлж, бензиний үнийг өндөр хэвээр байлгах бүр ч шаардлагагүй. Суманд буй ихдээ 1000 хүнд зориулж, улс хэдэн тэрбумаар Соёлын төв барих хэрэг өнөөдөр байна уу, үгүй юу гэдгийг бодох л асуудал...

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас