Японтой зүүн чиглэлийн төмөр замд хамтарна

2015-10-23 07:30:00

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үр дүн, яригдсан асуудлын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийсэн юм.

 

Ноён Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцсан. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийж, Монгол Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Уг хамтран ажиллах гэрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гарын үсэг зуржээ. Тэрээр энэ талаар “Японы талаас зүүн чиглэлийн төмөр замд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа. Энэ хүрээнд Японы тал өөрсдийн хөрөнгөө гаргаад, арванхоёрдугаар сардаа багтаад ТЭЗҮ болон бусад холбогдох судалгааг эхлүүлье гэж тохирлоо. Цаашдаа зүүн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт Японтой хамтарснаар Тавантолгой төслийн ашиглалт, төмөр замын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулах болно” гэв.

 

 

Мөн Монголын талаас айлчлалын хүрээнд Японы талд тодорхой санал тавьсан байна. Тодруулбал, шинэ нисэх буудлын ашиглалт, менежмент дээр японы менежментийн багийг оруулах, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Хөшигийн хөндийд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ нисэх буудал барьж буй. Тэгвэл шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа зээлээ богино хугацаанд төлөх, богино хугацаанд ашигтай ажиллуулах талаар япончуудтай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

 

 

 

Япон улс Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш хамгийн идэвхтэй донор орнуудын нэг байсан. Энэ хүрээнд 1990 оноос хойш ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Айлчлалын хүрээнд яригдсан бас нэгэн асуудал нь энэхүү зээлийн дүнг нэмэгдүүлэх талаар дурьджээ. Одоогийн байдлаар Японы талаас 100 сая иентэй тэнцэх хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү зээлийн дүнг 200 сая иенд хүргэх талаар талууд санал солилцсон байна.

 

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Японы Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд ажил хэрэг болгох, эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Монголын парламент энэхүү түншлэлийн хүрээнд Гаалийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа үйл явц айлчлалын үетэй давхцсан нь халуун, дотно уур амьсгалыг бүрдүүллээ. УИХ энэ хуулиудыг баталснаар эдийн засгийн түншлэлийн хүрээнд хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх боломж бүрдэх юм” гэв.

 

-Эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы талаас болон Монголын талаас тодорхой хэчнээн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр гааль, татварын хөнгөлөлт эдлүүлэх вэ?

 

-Монголын талаас 8100 гаруй, Японоос 5100 гаруй бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх юм. Мэдээж ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шууд 8100 гаруй бүтээгдэхүүн Япон руу гаргаад эхлэхгүй. Ойрын таван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Японы талаас мөн тодорхой дэмжлэг үзүүлж, Монголын бүтээгдэхүүнийг Японы зах зээлийн шаардлага хангуулах чиглэлд хамтран ажиллана.

 

-Төмөр зам дээр хамтран ажиллана гэж байна. Үүнийг тодруулахгүй юу. Хамтран ажиллах хэлбэр нь ямар байх вэ. Яг төмөр замын бүтээн байгуулалт уу, эсвэл санхүүжилтийн тодорхой нөхцөлийг санал болгож байгаа юу?

 

-Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгээр хоёр тал энэ төсөл дээр хамтран ажиллах сонирхлоо баталгаажуулсан. Энэ хүрээнд Японы тал арванхоёрдугаар сардаа багтаад энэ төслийг хэрэгжүүлснээр ямар ач холбогдол, үр дүнтэй байх вэ гэдэг судалгаа буюу ТЭЗҮ-ийг хийж эхэлье гэж байгаа юм. Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд хүртэл 450 км төмөр замыг барьж, төв магистралтай холбох ажил чухал байгаа.

 

Л.Дэлгэр

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас