Далд халаасаа ил болгоё

2015-10-22 07:39:00

 

Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш Үндсэн хуулиа гурван удаа шинэчлэн батлахдаа тухай бүр илүү зүүний чиг баримжаатай болгон өөрчилж иржээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийг түлхүү оруулж өгсөөр ирсэн байна. Нийгмийн халамжид зарцуулагдах мөнгө нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй мэт санагдаж байж болох ч манай улсын хувьд татварын орчинг улам боловсронгуй, таатай нөхцөлтэй болгож ирсэн нь магтууштай юм. Гэвч зохицуулалт дутуу, бэрхшээлтэй асуудлууд байсаар байна.

 

Монгол Улсын татварын орчин хоёр хөрштэй харьцуулахад илүү таатай. Гэтэл өнөөдөр далд эдийн засаг хөгжсөн улсын тоонд оржээ. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанд манай улсын далд эдийн засгийг ДНБ-ий 30 хувьтай тэнцдэг гэж үзсэн нь бусад улс оронтой харьцуулахад өндөрт тооцогдож байгаа юм.

 

Далд эдийн засгийг ил гаргахын тулд татварын өршөөл үзүүлэх, татварын шатлалыг бууруулах зэрэг янз бүрийн арга хэрэглэсэн ч хангалттай үр дүн гаралгүй өдийг хүрлээ. Ирэх сарын 1-нээс хэрэгжих гэж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч мөн ийм зорилгоор батлагдсан. Нууж хаасных нь дараа өршөөж хэлтрүүлэх нь нэг арга байж болох ч нууж хаах боломжийг үгүй хийх, шударга болгох нь далд эдийн засгийг ил гаргах, татварын орлого нэмэгдүүлэх хамгийн зөв гарц юм. Өнөөдөр Монгол Улсад татварын шударга тогтолцоо үйлчилж чадаж байна уу гэсэн асуултад “Үгүй” гэж хариулах хоёр шалтгаан байна.

 

Жирийн ажилтнаас бага татвар төлдөг ААН-үүд

 

Монгол Улсад орлогын албан татвар төлөгчөөр бүртгэлтэй 143805 аж ахуйн нэгж бий /2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар/. Өнгөрсөн онд эдгээр аж ахуйн нэгжээс 25000 нь татвар төлж, 2.84 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Гэвч энэ мөнгөний 90 гаруй хувийг ердөө 500 хүрэхгүй аж ахуйн нэгж бүрдүүлжээ. 2014 оны шилдэг татвар төлөгч тодруулах ёслолын ажиллагаан дээр албаны хүн “Топ 100” аж ахуйн нэгжийн төлсөн татвар гэхэд л 2.5 их наяд төгрөгтэй тэнцэж байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр, бусад бүх аж ахуйн нэгж нийлээд 384 сая төгрөг л татварт төлсөн болж таарах нь. Эндээс үзэхэд, эдийн засгийн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч цалингаас өөр ор­логогүй иргэдээс бага татвар төлдөг компаниуд  хэтэрхий олон байдаг ажээ.

 

Үндэс­ний статисти­кийн хорооны судалгаанд энэ оны  зургадугаар са­рын байдлаар улсын хэмжээнд дундаж цалин 844 мянган төгрөг байна гэжээ. Ажил хийж байгаа хүн бүр сард 84.400 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлдөг гэсэн үг. Цалин хөлс ба түүнтэй адилтгах орлогод ногдуулсан татвараар өнгөрсөн жил 442.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 621.4 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татварын албанд зориулан хуурамч тайлан гаргах нь элбэг.

 

Орлогын албан татвар бүрдүүлэлт багасах үндсэн шалтгаануудын нэг нь энэ. Татвар шударга ногдохгүй байгаагийн баталгаа.

 

Орлого тодорхойлох боломжгүй гэх нь татвараас зугтах арга уу

 

Орлого тодорхойлох боломжгүй аж ахуй үйлчилгээнд ногдуулах татвар буюу зүгээр л “Патентын” гэж нэрлэдэг татвар бий. Аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулсан аливаа гэрээгээр зохицуулагдаагүй төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутагт байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн энэ татварыг төлөх ёстой.

 

Хэмжээ нь Улаанбаатар хот, орон нутагт  харилцан адилгүй. Улаанбаатар хотод гэр ахуйн зориулалттай техник хэрэгсэл засварлах үйлчилгээ эрхэлбэл 4500, алт мөнгөний дарх хийдэг бол 8-16 мянга, гэрэл зургийн үйлчилгээ явуулдаг бол 7000, видео, аудио бич­лэг хуулж худалддаг бол 10 000 төгрөг гэх мэтээр тогтоож өгчээ.

 

Орон нутагт энэ хэмжээ 2-3 дахин багасна. Үсчин гоо сайхан, цайны газар буфет, билльярд, авто зогсоол зэрэг ажил үйлчилгээ ч мөн энэ хуулиар зохицуулагддаг юм. Тоо хэмжээний хувьд авч үзвэл, лангуугаар худалдаа хийгч иргэд жин дардаг байна. Орлого тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгчдэд ногдуулах татвар нь дэндүү бага учраас худалдаа наймаа эрхлэгч иргэд хэдэн зуун саяар эргэлдэх хөрөнгөтэй болсон ч гэсэн хуулийн этгээд бололгүй, дээрх хуульд хамаарагдаж явахыг илүүд үздэг. Ихэнх нь огт төлдөггүй. Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 40 хувь нь татвар төлдөг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 60 хувь нь далд эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэсэн үг. 

 

Их мөнгө эргэлддэг, хот, хөдөөгүй зорьж очиж үйлч­лүүлдэг  хоёрхон  газраар  жишээ авья. Төлбөр өндөртэйгөөрөө нэртэй хувийн нэгэн сургуульд суралцдаг төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд “Нарантуулын наймаачдын хүүхдүүдтэй цуг сурахгүй” хэмээн бослого дэгдээх шахан сандаргаж байсан түүх бий. Зах дээр хувиараа наймаа худалдаа эрхлэгчдийн дунд чинээлэг иргэд олон байдгийг энэ явдал харуулсан. Гэтэл яг тэр үед “Нарантуул” захад худалдаа эрхэлдэг 6000 гаруй наймаачидаас 23 нь л орлогоороо буюу сард 18-23 мянган төг­рөгийн татвар төлж, бусад нь 6000 төгрөг төлдөг болохыг Баянзүрх дүүргийн татварын  хэлтсээс олж мэдээд гайхаж  билээ. 

 

“Нарантуул” зах өдөрт хэч­нээн төгрөг эргэлддэг том газар билээ. Орж гарч байгаа машин гэхэд л хэдэн мянгаар яригддаг. Гэтэл 6000 төгрөгөө өгөхөөсөө өгөхгүй нь их байхыг хараад үнэхээр бухимдсан. Нарантуулаас гадна “Сандэй плаза” төвд үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй иргэдээс тухайн үед 17-хон хүн орлогоороо татвар төлдөг байв. ТЕГ-аас авсан мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд патентын татвар төлөгчдийн тоо төдийлөн нэмэг­дээгүй. 2014 онд 40468 иргэн 3.31 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Нэг татвар төлөгч дунджаар сард 7000 төгрөг төлжээ. 

 

Татвар төлөлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ

 

Хувиараа хөдөлмөр эрх­лэгчдийг бүртгэлжүүлж, татвар төлөх үүргийг өөрсдөд нь өгөх явдал бол асуудлыг шийдэх нэг гарц. Өнөөдөр татварын хэдэн зуун байцаагч өдөр шөнөгүй худалдааны төв, зах хэсч яваа. Татвар төлөгчид нь “Орлогогүй байна, орой ир”, “Сая хүнд мөнгө өгөөд явуулчихлаа мар­гааш яг...”, “Өнөөдөр хоёр дахь өдөр мөнгө гаргадаггүй” гэх мэтээр арга саам хийнэ. Хураасан мөнгө нь шалихгүй, 1000 иргэний татвар нийлээд найм орчим сая төгрөг. Тиймээс хуулийг нь хүчингүй болгоод нэн даруй шинэ тогтолцоонд шилжих шаардлага байна. Тухайлбал, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэлжүүлээд, орлогыг нь тодорхойлох арга механизмыг боловсронгуй болговол энэ сектороос орж ирэх орлогын хэмжээг одоо бай­гаагаас нь дор хаяж 10, түүнээс дээш хэд ч дахин нэмэгдүүлэх боломж бий. 

 

Энэхүү сэдвийг хөндөхдөө хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ногдуулах татварыг нэмэх хэрэгтэй гэж  хэлэх гэсэнгүй. Харин иргэдээ сайн дураараа татвараа төлдөг болгох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Ингэхийн тулд төр өөрөө хариуцлагатай байж, төлсөн татварынхаа үр шимийг үзэх боломжийг иргэддээ олгох нь чухал.

 

Гадны улс орнууд иргэддээ “Та татвар төлөх ёстой, төлсөн татвар тань эргээд таны төлөө зарцуулагдана” гэж хэлдэг. Харин манайд “Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг хэрхэхээ УИХ мэднэ” гэдэг. Гишүүдийн тэрбум, авлигажсан төсөв, ямааны 34 тэрбум, үнэ тогтворжуулах гээд төсөвтэй холбоотой шийдвэрүүд иргэдэд татвараас бултах сэдэл өгч байгааг үгүйсгэхгүй. Хөдөлмөрлөж зүтгэж байж олсон татварын мөнгийг нь улстөрч нэртэй хэдэн нөхөд хуваарилж байгааг харсан хэнд ч таатай санагдахгүй  нь мэдээж. Тиймээс төсвийн зарцуулалтыг хяналттай, зүй зохистой болгож, татвар төлөгчдийн хүртэх үйлчилгээг нэмэгдүүлэх нь тат­вар төлөлтийг идэвхижүүлэх үндсэн нөхцөл юм.

 

Эх сурвалж:


Нүүр хуудас