Аваргуудын лиг: Арсенал талбайдаа Байернийг буулгаж авлаа

2015-10-21 16:23:49

 

Аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тойргийн хүрээнд Лондоны Их буучид хүнд хэцүү хожил байгууллаа. Их буучид аваргуудын лигийн эхний хоёр тойрогтоо хожигдол хүлээгээд байсан. Тиймээс Германы хүчирхэг Байерн Мюньхэнийг энэ удаад талбай дээрээ заавал хожих даалгавартай гарч ирсэн юм. Тэр даалгавраа ч амжилттай биелүүлж, 2:0-ээр хожлоо. Гоолуудыг Оливе Жиру, Мисүт Өзил нар 77, 90 дэх минутад тус тус шигтгэжээ.  Энэ тоглолтод Германы аваргууд бүх талаараа илүү байсан. Тоглолтын явцад 73 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 21 удаа цохисон байна. Харин Арсенал 27 хувьтай бөмбөг эзэмшиж, 13 удаа хаалга руу цохиж, найман удаа хаалгаа оносноос хоёр нь хаалганы торыг хөдөлгөснөөр ийнхүү хожил байгууллаа. Хэдийгээр Арсенал хожил авсан ч эхний гурван тойргийн дараах байдлаар 3 оноотой F хэсгийн сүүлийг мушгиж байна. Харин Байерн хожигдсон ч гэсэн хэсгээ тэргүүлсэн хэвээр байгаа юм.

 

Л.Дэлгэр

 

 


Нүүр хуудас