Жүдочид Парисын татамиг эзэгнэлээ

2015-10-19 09:45:57

 

-Монголын жүдочид Парисын Их дуулгаас 7 медаль хүртлээ-

 

Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 17-18-нд ажмилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаар ахлуулсан Монгол Улсын шигшээ багийн нийт 17 жүдоч өрсөлдсөн юм.

 

2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, дэлхийн медальтнууд зөвхөн хүч үздэг байсан бол 2009 оноос IJF-ийн Гранд Слам ангилалд багтжээ. Жил бүрийн хоёрдугаар сарын эхний амралтын өдрүүдэд болдог тус тэмцээн өнөө жил аравдугаар сард зохион байгуулагдаж буй бөгөөд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300 оноо, хүрэл медаль 200 оноо, шагналт 5-р байр 100 оноо, шагналт 7-р байр 80 оноог чансаан дээрээ нэмж өгөх аж.

 

Энэхүү тэмцээнд Олон Улсын жүдо бөхийн холбооны шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат тэмцээнд шүүгчээр ажилласан байна.

 

М.Уранцэцэг анхны алтан медалийн эзэн боллоо

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг түрүүлэн багтаа анхны алтан медалийг авчирлаа. Тэрээр Парисын "Их дуулга"-д аваргын төлөө Бельгийн Чарлин ван Сниктэй барилдаж юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авсан юм. М.Уранцэцэгийн хувьд аравдугаар сард Ташкентийн Гранпри, Парисын Их дуулга тэмцээнд дараалан түрүүлж дэлхийн чансааг тэргүүлэхээр болж байгаа билээ.  

 

 

Д.Төмөрхүлэг багтаа хоёр дахь түрүүг авчирлаа

 

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг босоо байж түрүүллээ. Аваргын төлөө Украйны алдарт жүдоч дэлхийн таван удаагийн медальт Георгий Зантараятай таарсан. Дэлхийн чансаанд аман хүзүүдэж буй Д.Төмөрхүлэг гайхалтай барилдаан хийж юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа. Д.Төмөрхүлэг багтаа хоёр дахь түрүүг авчирч медалийн чансаагаар Монгол Улс тэргүүлж эхэллээ.

 

 

Л.Отгонбаатар анхны медалиа хүртлээ

 

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын "Их дуулга" тэмцээний -90кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд Монголын багийн долоо дахь медаль, дөрөв дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч Францын Иддир Александртай барилдаж цэвэр ялагдсан. Тэрээр хүрэл медалийн төлөө дахин нутгийн бөхтэй учраа таарч тун ч хариуцлагатай хүндхэн барилдаан хийж өрсөлдөгчөө ялж "Их дуулга" тэмцээнээс анхны медалиа ийнхүү хүртлээ.

 

 

 

Монголын жүдочид "Их дуулга"-аас долоон медаль хүртэн нэг шагналт байрт шалгарснаар медалийн  чансаагаараа гуравт эрэмбэлэгдлээ

 

“Их дуулга”-аас шагналт хүртсэн жүдочдыг танилцуулъя:

 

·       Алтан медаль:

 

48 кг: /Эм/ - М.Уранцэцэг

66 кг: /Эр/ - Д.Төмөрхүлэг

 

·       Мөнгөн медаль:

 

57 кг: /Эм/ Д.Сумъяа

·    

  Хүрэл медаль:

 

60 кг: /Эр/ Д. Амартүвшин

66 кг: /Эр/ Д.Алтансүх

81 кг: /Эр/ О.Ууганбаяр

90 кг: /Эр/ Л.Отгонбаатар нар тус тус шалгарч, шагналын хур буулгасан юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Даша

 

 

 


Нүүр хуудас