Манчестер Сити бут ниргэж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

2015-10-05 13:42:00

 

Английн премьерлигийн наймдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойрогт Манчестер Сити клуб талбай дээрээ Нью Кастл Юнайтедыг хүлээн авч тоглосон. Тоглолтын эхний гоолыг “Шаазгайнууд”-ын Александр Метрович 18 дахь минутад мөргөж оруулсан. Гэвч үүнээс хойш Кун Угуэрогийн шоу эхэлсэн юм. Тэрээр тоглолтын 42, 49, 50, 60, 62 дахь минутад нийтдээ таван гоол хийж, Этихад цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөлөө. Мөн Кэвин Де Брюин 53 дахь минутад нэг гоол нэмэрлэснээр “хотынхон” энэ тоглолтод өрсөлдөгчөө 6:1-ээр илүүрхсэн.

 

 

Энэ тойргийн өмнө хүснэгтийг тэргүүлж байсан Манчестер Юнайтед Лондонд “Их буучид”-ын цэнгэлдэхэд зочилж, 3:0-ээр ялагдал хүлээсэн. Ингэснээр Манчестер Сити найман тойргийн дараах байдлаар 18 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. 

 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас