Монголын хөлбөмбөгийн шилдгүүд өнөөдөр тодорно

2015-10-04 12:49:43

 

Монголын хөлбөмбөг холбооны ногоон талбайд өнөөдөр энэ жилийн хамгийн супер тулаанууд өрнөж байна. Монголын спортын түүхэнд дэх хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хаалтын тоглолт энэ өдөр болж, аварга баг тодрох гэж байна.

 

Хүснэгтийн 4 болон 5-р байрт ижил 26 оноотой бичигдэж байсан “Хоромхон” болон “Улаанбаатарын унаганууд” багууд өнөөдрийн эхний тоглолтод өрсөлдлөө.  Гэхдээ хоёр багийн аль аль нь шагналын тавцанд зогсох боломжгүй болоод байсан юм.

Тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд болсон бөгөөд тоглолтын эхний хагаст Ганзоригийн гоёмсог дамжуулалтыг Н.Цэдэнбал амжилттай төгсгөснөөр "Унаганууд" тоглолтыг тэргүүлж байв. Харин завсарлагааны дараагаар тоглолт улам сонирхолтой болж, багууд их нээлттэй тоглолтыг гаргалаа. 59 дэх минутад Б.Улсболдын цохилтоор тооны харьцаа тэнцсэн бол 66 дахь минутад “Улаанбаатарын унаганууд” багаас Н.Цэдэнбал торгуулийн цохилтыг амжилттай болгож, дахин тэргүүллийг авсан ч Б.Улсболд хариу барьж, хоёр багийн шилдэг тамирчид ижилхэн дубль хийлээ.

 

 

Ингээд тооны харьцаа тэнцээд байх үед буюу 79 дахь минутад Д.Төрбат, 80 дахь минутад мэргэн буучдын жагсаалтыг 21 гоолтой тэргүүлж байсан Н.Наранболд нэг гоолыг оруулснаар "Хоромхон" баг 5:3 харьцаатай ялалт байгуулж, лигийг хожлоор дуусгалаа. Н.Наранболдын хувьд хувийн амжилтаа ахиулж, энэ улирлыг 22 гоолтойгоор дуусган, мэргэн буучаар тодорч байгаа юм.

 

 

Энэ удаагийн “Хүрхрээ” үндэсний дээд лигт нийт 9 багийн 252 тамирчид оролцож байгаагийн 27 нь гадны улс орнуудын легионер тамирчид байна. “ФС Улаанбаатар” баг гэхэд Японоос найман тамирчин урьж, багаа зузаатгасан байна. Тэгвэл хамгийн олон улсын тамирчдаар багаа бүрдүүлсэн нь лигийн өнгөрсөн жилийн аварга “Хоромхон” клуб юм. Тэд таван улсаас тамирчин урьсан бөгөөд Словен, Нигер, Япон, АНУ, Камеруны хөлбөмбөгчид тус багт хүчин зүтгэж байна. Энэ нь монгол тоглогчийн хувийн ур чадварыг сайжруулахаас гадна тамирчдад харилцан туршлага солилцох том боломжийг нээж өгч байгаа хэрэг юм.

 

 

Өнгөрсөн жил хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнд 46 тоглолт явагдсан бөгөөд энэ хугацаанд 173 гоол орсон гэсэн статистик үзүүлэлт байна. Энэ жилийн хувьд яг одоо сүүлийн тойрог эхлэхээс өмнө аль хэдийн 313 гоол хаалганд ороод байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 2 дахин их тоон үзүүлэлт юм.

 

 

 

 

Eagle.mn


Нүүр хуудас