Манчестер Юнайтед хүснэгтийг тэргүүлж эхэллээ

2015-09-27 12:54:32

 

Премьерлигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клуб өчигдөр болсон тоглолтод Тоттэнхэмийн “Зодоонч тахиа”-нуудад 4:1-ээр хожигдсон юм. Ингэснээр тэдний араас хоёр орооны алдагдалтай нэхэж явсан “Улаан чөтгөр”-үүдэд хүснэгтийг тэргүүлэх сайхан боломж гарч ирсэн. Тэд ч энэ боломжийг алдсангүй. Олд Трафорд цэнгэлдэхдээ Сандэрлэнд клубыг хүлээн авч, 3:0-ээр илүүрхлээ. Тоглолтод Голланд хагас хамгаалагч Мемфис Депай өөрийн премьерлиг дэх анхны гоолоо хийсэн. Мөн сүүлийн 11 тоглолтын туршид премьерлигт гоолдоогүй байсан ахлагч Уэйн Рүүни хоёрдугаар үе дөнгөж эхлээд Антонио Мартиалын дамжуулалтыг “чулуу” болголоо. Ингэснээр улаан чөтгөрүүд 2:0-ээр илүүрхэж эхэлсэн. Ер нь тоглолтын санаачилга, бөмбөг эзэмшилт, дамжуулалт гээд бүх талаараа Юнайтедынхан энэ тоглолтод илүүрхсэн. Тоглолтын эцсийн цэгийг 90 дэх минутад Хуан Мата тавьсан юм. Юнайтед ийнхүү хожил авснаар 7 тоглолтын дараах байдлаар 16 оноотой хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин Манчестер Сити 15 оноотой тэдний араас нэхэж байна. Дашрамд дурьдахад, Манчестер Сити премьерлиг эхлээд эхний 5 тойрогт ганц ч хожигдолгүй, хаалгандаа нэг ч гоол алдалгүй хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байсан. Харин зургаа болон долоодугаар тойрогт дараалан хожигдол хүлээж, хаалгандаа зургаан гоол алдаад байна.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас