Л.Саруулбат: Монголчууд оролцох вий гэж эмээдэг болсон

2015-09-26 10:50:00

 

Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч Л.Саруулбаттай ярилцлаа.

 

-Бодибилдингийн спортоор хичээллээд хэр удаж байна вэ. Ер нь энэ спортыг точвхоноор тодорхойлохоос ярилцлагаа эхэлье?

 

-Бодибилдингээр хичээллээд найман жил болж байна. Улсдаа 60, 65, 70 кг-ийн жинд таван удаа аваргалсан. Азийн аваргын хүрэлтэй, олон улсын хэмжээний мастер. Бодибилдинг бол эрүүл спорт. Хүнд хэрэгтэй. Хооллолт, зөв амьдралын талаар илүү ихийг ойлгуулдаг.

 

-Анзаараад байхад залуус энэ спортоор хичээллэж байгаад шантраад болих нь элбэг юм шиг. Та шантрах тохиолдол байв уу?

 

-Ер нь бодибилдингийн тамирчдын хувьд бараг шантрахгүй нэг өдөр ч байдаггүй. Ихэнхдээ шантралтай тулна. Тэрийг давж байж л амжилтад хүрдэг. Шинэ залуучуудын хувьд зарим нь зүгээр фитнесс буюу гоё биетэй болох, зарим нь яг тамирчин болохыг зорьдог. Бэлтгэлийн ачаалал, хоолны дэг гээд төрөл төрлөөрөө өөр.

 

-Залуучууд ер нь бодибилдингээр их хичээллэж байна уу?

 

-Монголд хаа сайгүй л фитнесс, жим гэсэн газрууд нээгдээд эхэлсэн. Энэ маш том ололт. Зарим нь хөрөнгөтний спорт гэдэг. Бас зарим нь хөгжиж байгаа орны спорт ч гэдэг. Ерөнхийдөө фитнесс нээгдэж байна гэдэг маань маш сайн. Залуучууд маш их хичээллэж, сонирхох болсон. Ихэнх нь гоё биетэй болох гээд, чөлөөт цагаа фитнесст өнгөрүүлж байна шүү дээ. Баар биш.  

 

-Өөрийн чинь хувьд нэлээд том том амжилтууд гаргасан талаараа дээр дурьдсан. Анхны амжилтаа хэдэн онд, ямар тэмцээнд гаргаж байв?

 

-Анхны тэмцээн бол цэргийн тэмцээн байсан. Би өөрөө ахлагч цолтой, армид ажилладаг. 2007 онд анх удаа тэмцээнд орж үзэж байлаа. Хамгийн том амжилт гэвэл Макаод зохиогдсон 2013 оны азийн аваргын хүрэл медаль байна. Дэлхийн аваргад эхний дөрөвт орж байсан.

 

-Одоо олон улсын тэмцээнд орох гэж байгаа юм байна. Мэдээж бэлтгэл, сургуулилтаа эхэлсэн байх?

 

-Ер нь Монголын бодибилдингийн спорт үсрэнгүй хөгжөөд, дэлхийтэй мөр зэрэгцдэг болсон. Одоо арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 5-ны хооронд зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байна. Хоолны дэглэмээ жигд бариад, бэлтгэлдээ гарсан байгаа. Монголын баг тамирчид бие биенийгээ их дэмждэг. Нэгнээ гэсэн сэтгэлтэй. Үүнийгээ дагаад амжилт нь бас нэмэгдэх болсон.

 

 

-Бодибилдингийн холбоо, эсвэл улсаас тамирчдаа хэр дэмждэг вэ?

 

-Монголын бодибилдингийн холбоо сэтгэлтэй хэдэн залуучуудаас бүрддэг. Яг төв спонсор гэх зүйл байхгүй. Улсынхаа аваргыг зохион байгуулаад, билетнийхээ орлогоор тамирчдынхаа шагналыг өгөх жишээтэй. Сэтгэлээрээ ажиллаад эхэлж байгаа мундаг залуус бий. Энэ дашрамд, үргэлж тусалж дэмждэг Бодибилдингийн холбооны нарийн бичгийн дарга н.Одбаатар, Зэвсэгт хүчин болон “B продакшн”-ий захирал Д.Болд нарт талархаж явдгаа илэрхийлье. Улсын хувьд яг бодибилдингийг дэмжээд явж байгаа зүйл байхгүй. Тамирчид цэвэр хобби, бор зүрхээрээ явдаг. Ер нь Монголоос бусад газарт нийтийн биеийн тамир гэхээр бодибилдингийн спортыг хэлдэг. Иран гэхэд 5000 үзэгчтэй бодибилдингийн тэмцээн болоход 5000 гоё залуучууд суудаг. Өөрсдийнх нь баримталдаг зарчим нь бид хүчирхэг эрчүүдтэй, эрүүл ард түмэнтэй, зэвсэг сайтай гэх ч юм уу. Тэгээд нийтийн биеийн тамир гэдэг утгаараа фитнесс, жимүүдтэй улсаас нь анхаардаг. Бодибилдингийн холбоодууддаа улсаас нь дэмжиж өгдөг. Манайх бол төрөл спортууддаа дэмждэг. Гэтэл хүүхдүүд бүгдээрээ боксчин болохгүй. Бүгдээрээ сагс тоглохгүй. Чөлөөт, жүдочин болохгүй. Эдгээр нь тодорхой төрөл спорт юм.  

 

-Бор зүрхээрээ, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор яваад, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход санхүү, хөрөнгө мөнгөнөөс эхлээд олон хүндрэл тулгардаг байх. Яаж шийддэг вэ?

 

-Яг үнэнийг хэлэхэд Монголд заримдаа хүнээсээ илүү мал нь үнэ цэнтэй ч юм шиг. Хэдэн зуун саяар морь худалдаж авдаг, эмчилгээнд явуулдаг. Үнэндээ монгол морь давхиад давхиад улсдаа л нэг, хоёрт орно. Түүнээс биш бидэн шиг дэлхийд төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулахгүй. Ерөөсөө бодибилдинг ч гэлтгүй, тамирчид л гадагшаа тэмцээнд оролцоход Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулдаг биз дээ. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхэд хүмүүсийн зүрхэнд хүрч байх ёстой. Энэ улс байдаг юм байна, ийм агуу түүхтэй гэдгийг дэлхий үнэлж байх ёстой. Гэвч төр засаг спортын тал дээр төдийлөн анхаарал тавьдаггүй л гэж хэлмээр байна. Бодибилдингийн хувьд хамгийн өртөг өндөртэй спорт. Миний өдөрт идэх хоол, уураг гээд тооцвол хамгийн багадаа 50 мянган төгрөг. Тэрнээс дээш өртөгтэй байж сая дэлхийд амжилт гаргах боломжтой.

 

 

-Одоо олон улсын тэмцээнд явахад яг өөрт чинь ямар хүндрэл тулгарч вэ?

 

-Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш санхүүгийн хувьд ч юм уу, бусад талаар хүндрэлгүй өдөр байгаагүй. Ер нь Монголын бодибилдингийн тамирчид ч гэсэн адилхан. Өдөр бүхэн хүндрэлтэй байдаг байх.

 

-Таньд яг тодорхой хүсч байгаа, хэлэх зүйл юу байна вэ?

 

-Гэгээлэг талаасаа яривал Монголын залуус илүү их хичээллээсэй. Илүү олон бодибилдинг, фитнессийн тамирчид гарч ирээсэй. Монголынхоо нэрийг илүү гоёор тамгалаасай. Энэ спорт илүү их хөгжиж байна. Үүнд нь манай улс илүү анхаараад, дэмжиж өгөөсэй. Алийн болгон хэдэн бор тамирчдаа хөлс, шүлстэй нь зууралдуулаад. Амжилт гаргаад ирэхээр нь минийх, чинийх гэж өмчлөөд, “Би байр өгнө” гэх вэ. Одооноос эхлээд бодлогоор дэмжээд, хүндээ анхаардаг байгаасай. 

 

-Монголчууд амжилт гарах бүрэн боломжтой, гагцхүү дэмжлэг дутаад байна уу? 

 

-Бүрэн боломжтой. Дэлхийн аваргаас саяхан манай Нурлаан ах 46 насандаа амжилт гаргаад, дэлхийн аварга болоод ирж байна. Би анх 2011 онд Тайландын дэлхийн аваргад явсан. Тэр үед монголчуудыг тоож хардаггүй байсан. Харин одоо бол монголчууд орох вий дээ гэдэг эмээлттэй болчихсон байгаа. Айдаг гэх ч юм уу. Монголчууд авьяастай хүмүүс. Одоо Азийн аваргад Монголын тамирчид долоо хоногийн дараа ниснэ. Би шууд дэлхийн аваргад оролцохоор ниснэ. Нэлээд их юм дуулгана л гэж бодож байгаа.

 

-Ер нь бол дэлхийн аварга болно гэсэн зорилготой?

 

-Тэрний төлөө л амьдарч байгаа.

 

-Дэлхий, олон улсын тэмцээнд ямар улсууд их хүчтэй өрсөлддөг вэ?  

 

-Иран, Солонгос, Малайз их хүчтэй. Хамгийн гол нь тэр улсуудад хүндээ их анхаардаг юм байна л гэж харсан. Энэ спортоор хичээллэснээр хүн амьдралын зөв хэмнэлтэй болдог. Энэ спортоор хичээллэж байгаад гэнэт гараад архи уугаад явчих хүн байдаггүй. Яагаад гэвэл хүн өөртөө хайртай байдаг. Тийм учраас дээрх улсуудад энэ спортыг маш сайн дэмжээд, хүндээ анхаарал хандуулдаг. Малайз гэхэд тамирчдаа 100 хувь тэтгэлэг дор амьдруулдаг. Солонгос, Иран бас яг л тийм. Энэтхэг бас их сайн. Монголчууд сүүлд Макаод болсон Азийн аваргаар бүгд медаль авсан. Тэгэхэд бусад улс орны тамирчид “Танай улс чинь их мундаг дасгалжуулагч авсан уу. Хаанаас, ямар дасгалжуулагч хөлсөлсөн бэ. Төвшин чинь бараг хоёр, гурван шатаар ахичихсан байна” гэж гайхаж байсан. Яг үнэндээ бид өөрөө өөрсдийгөө л дасгалжуулж байсан.

 

 

-Бусад улс, орнууд бол байнга гадаад дасгалжуулагчтайгаар ажиллах уу?

 

-Тайланд гэхэд дандаа Европ, Америкаас дасгалжуулагч авдаг. Малайз бас байнга гадаад дасгалжуулагч ажиллуулдаг. Энэ улсууд яагаад ингэж бодлогоор дэмжээд байна вэ гэхээр ерөөсөө л эрүүл нийгмийг бүтээж байгаа юм. Энэ спортоор хичээллэснээрээ хүн өглөө босохоос эхлээд орой унтах хүртлээ бүх зүйл маш нарийн төлөвлөлттэй болдог. Өдөрт хэдэн удаа хоол идэх, тэр нь ямар калортой, уурагтай байх вэ гээд бүх зүйл маш нарийн шинжлэх ухаантай. Тийм ч учраас хүмүүс нь эрүүл, урт удаан насалдаг.

 

-Манай тамирчид тэгээд нарийн мэргэшсэн багш, дасгалжуулагчгүйгээр, зөвхөн өөрөө өөрсдийгөө дасгалжуулаад. Яаж болоод байна аа?

 

-Интернэтээс л сурдаг гэж болно. Дээрээс нь олон жил гадагшаа яваад, олон удаа бүдрээд эхлэхээрээ илүү их судалж эхэлж байгаа юм. Тэгээд нэг нэгнийхээ туршлагаас хуваалцаад ч юм уу. Тийм байдлаар л явдаг. Ахмад тамирчид маань бас зөвлөж, тусалж дэмждэг. Би бас азтай. Тэр хүмүүсийн зөвлөгөөг аваад, алдах нь арай л багасчихаж байгаа юм. Түүнээс биш бидэнд үнэтэй багш, дасгалжуулагч хөлсөлж авах боломж байхгүй. Есдүгээр сарын 5-нд улсын аварга болсон. Тэгэхэд бөхийн өргөө дүүрэн хүнтэй байсан. Энэ надад их сайхан санагдсан.

 

-Удахгүй болох ДАШТ-ий талаар товч мэдээлэл өгөөч. Ер нь хэчнээн улс орны тамирчид оролцог вэ. Монголчууд ямархуу бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна вэ?

 

-WBFF гээд холбоо байдаг. Дэлхийн өндөр төвшний ангиллын тэмцээнийг зохион байгуулдаг. Одоо 49 дэх Азийн аварга болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн аваргад хамгийн багадаа 600-700 тамирчин оролцдог. Оролцдоггүй улс, орон гэж байдаггүй. Монголын тамирчид 20-оод хүний бүрэлдэхүүнтэй, өөрсдөө бэлтгэлээ базайгаад л явах гэж байна. Өнгөрсөн жил Нурлаа ах маань дэлхийн аварга болсон. Жанц, Хүсэлтөвшөө хоёр атлетик фитнесс ангиллаас мөнгөн медаль авсан. 

 

-Ер нь хэчнээн ангилал байдаг юм бол?

 

-Хүний биеийн бүтцийг үндсэнд нь гурав хуваадаг. Тэр гуравтаа тааруулаад, ангиллаа өөрсдөө зохиодог. Зургаагаас долоон ангилал байдаг. Хамгийн хүнд нь бодибилдинг, атлетик фитнесс. Дашрамд дурьдахад, Монголын эмэгтэйчүүд сүүлийн үед дэлхийд маш хүчтэй, цойлж гарч ирж байгаа. Багахан бэлтгэл хийгээд, өөрсдөдөө анхаараад эхлэхэд л агуу их амжилт гаргахаар юм билээ. Тэгэхээр удахгүй болох ДАШТ-д эмэгтэй баг хүчтэй өрсөлдөх байх гэж бодож байгаа.

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Л.Энхдэлгэр  


Нүүр хуудас