Бидний гаргасан амжилтад холбоо ямар ч хамаагүй

2015-09-16 14:50:24

-Чөлөөт бөхийн шигшээ багийнханыг салбарын сайд нь хүлээн авч уулзлаа-

 

АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч, уулзлаа. Тэрээр “Та бүхэн манай чөлөөт бөхийн үе үеийн тамирчдын гаргасан амжилтын буухиаг үргэлжүүлэн С.Батцэцэг дэлхийн хошой аварга болж, бахдам сайхан амжилт гаргалаа. Та бүхний гаргасан амжилтаар өнөөдөр Рио-2016 олимпт оролцох эрх 13 болж нэмэгдлээ. Яамны зүгээс та бүхний гаргасан амжилтыг үнэлж, төр засагт холбогдох байгууллагуудаар дамжиж ирсэн асуудлуудыг цаашдаа авч хэлэлцэнэ” гэв.

 

Энэ үеэр чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Бид өнгөрсөн хугацаанд маш уйгагүй ажилласны хүчинд энэ амжилтад хүрсэн. Спорт бэлтгэлийн төвийн удирдлагууд биднийг маш сайн дэмжиж ажилласан. Чөлөөт бөхийн холбоо эрэгтэй багт ямар ч хамааралтай байгаагүй. Үүнийг би хатуу хэлье. Бидний гаргасан амжилтад чөлөөт бөхийн холбоо ямар ч холбоогүй” хэмээн хатуухан шүүмжиллээ.

 

 

С.Батцэцэг дэлхийн хошой аварга болохдоо нийт 5 барилдаан хийсэн. Тэрээр эдгээр барилдаандаа 8 минут 16 секунд зарцуулж, дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн.

 

Дэлхийн аварга С.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

 

элхийн хошой аварга болсонд баяр хүргэе. Таны хувьд энэ удаагийн тэмцээнд бүх өрсөлдөгчөө илүүрхэн хожлоо?

-Баярлалаа. АНУ-ын Лас Вегас хотод болсон ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэй багаараа амжилттай оролцлоо. Эмэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд томоохон тэмцлийн дундаас хоёр медаль, олимпийн хоёр эрхтэй ирлээ. “Рио-2016” олимпийн их наадмын эрх олгох байсан болохоор энэ тэмцээнд дэндүү хариуцлагатай байлаа. Тийм болохоор бүгд л бэлтгэл сургуулилалтаа сайтар хийж, амжилтын төлөө тэр дундаа олимпийн эрхийн төлөө явлаа. Өрсөлдөгч бүр хүчтэй байсан ч миний хувьд өөрийн зорьсон зорилгоо 100 хувь биелүүлээд ирлээ.

 

-Японы бөхийг богино хугацаанд хожсон. Барилдааны өмнө хэр судлав?

-Шийдвэрлэх барилдаанд Японы залуу бөх Кавайтай таарч 36 секундэд цэвэр хожсон. Барилдаан бүрдээ цэвэр ялах зорилготой байсан болохоор тэр бүгдийгээ хийж чадлаа. Унгар, Беларусын бөхчүүдэд нэг оноо алдсан юм байна. Кавайгийн тухайд би түүнтэй анх удаа барилдсан. Түүний хувьд залуучуудын дэлхийн аварга цолтой Япон улсын ирээдүйд олимп, дэлхийд найдлага тавьж байгаа бөх.Тэр энэ дэлхийн аваргад маш сайн барилдаж, финалд гарч ирсэн. Би Японы бөхчүүдтэй олон удаа барилдаж байсан болохоор түүнтэй барилдахад хэцүү байгаагүй. Гэхдээ дараагийн удаа олимпт үүнээс ч ширүүн тулаан хүлээж байгаа.

 

 

 

 

 

Г.Даша

 


Нүүр хуудас