30 жилийн дараа шагналын хур буулгасан чөлөөт бөхийн эрчүүд

2015-09-16 09:54:49

 

Монголын Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг тамирчид Лас Вегас хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, олимпийн дөрвөн эрхтэйгээр эх орондоо өчигдөр ирсэн юм. Шигшээ багийн тамирчдыг Монголын чөлөөт бөхийн холбоо, ар гэр найз нөхөд, хөгжөөн дэмжигчид нь хүндэтгэлтэйгээр уухай хадаан угтан авлаа.

 

 

Энэ тэмцээнээс Монголын шигшээ багийн анхны мөнгөн медалийг 61 кг-ын жинд барилдсан ОУХМ Батболдын Номин хүртсэн бол хүрэл медалийг 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр, удаах мөнгөн медалийг тэмцээний сүүлийн өдөр 74 кг-ын жинд зодоглосон Пүрэвжавын Өнөрбат нар авсан юм. Энэ амжилтаараа манай шигшээгийнхэн багийн нийлбэр дүнгээр шагналт VI байрт шалгарсан төдийгүй Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн түүхэн амжилтыг шинэчилсэн. Энэ нь 30 жилийн дараа дэлхийн дэвжээнд хоёр бөх финалдаж, 30 жилийн дараа дэлхийн дэвжээнээс  3 медаль хүртэж шагналын хур буулгалаа.

ДАШТ-нд эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 39 дэх удаагаа оролцож, 1982 онд л өнжсөн байдаг.

ДАШТ-ээс эрэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд хүртсэн. Түүнээс хойш ДАШТ-ээс эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онд тус бүр 3 медаль хүртсэн түүхтэй. Энэхүү шагналыг буухиаг 30 жилийн дараа Лас Вегаст болсон ДАШТ-ээс чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэйчүүд 3 медаль хүртэж үргэлжлүүллээ.

 

Шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан даруйдаа хэвлэл мэдээллийнхэнд цаг гарган ярилцсан юм.

 

-2016 оны олимпод ийм амжилттай оролцохын төлөө хичээх болно -

 

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Манай эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид хийх ёстой зүйлээ хийгээд ирлээ. Бидэнд цаашид олон даваа байна. Ялангуяа 2016 оны олимпод ийм амжилттай оролцохын төлөө хичээх болно”

 

 

-Манай шигшээ багийнхан урамтай сайхан барилдлаа-

 

Шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатар “Манай шигшээ багийнхан гурван медаль авч, олимпийн дөрвөн эрхтэй болж урамтай сайхан барилдлаа. Энэхүү хүч хөдөлмөрийг Монголын ард түмэнтэйгээ хамтдаа хийж чадлаа”

 

-Бидний хамтын хөдөлмөр-

 

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа “Бидний хамтын хөдөлмөр байлаа. Цаашид та бүхнийхээ итгэлийг улам өндөр амжилт гарган хариулах болно. Риогийн олимпоос олимпийн аварга төрүүлэн уулзах ерөөл дэвшүүлье”

 

-Чөлөөт бөхийн холбооныхондоо баярлалаа-

 

ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин П.Өнөрбат “Сэтгэгдэл маш өндөр байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнээс хойш дасгал сургуулилалтаа сайн хийж, энэ жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсандаа баяртай байна. Аав, ээж гэр бүлийнхэн, багш, шигшээ багийнхан, чөлөөт бөхийн холбооныхондоо баярлалаа гэж хэлье”

 

 

-Хүрэлийн төлөөх барилдаан маш хариуцлагатай байсан-

 

ДАШТ-ий хүрэл медальт тамирчин Э.Бэхбаяр “Хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдсан. Өнгөрсөн жил би хүрэл медалиас мултарсан учраас энэ жилийн хувьд маш хариуцлагатай барилдаан байсан. Ялалт байгуулсандаа маш их баяртай байна. Сэтгэгдэл өндөр байна. Намайг тусалж дэмждэг бүх хүмүүст баярлалаа”

 

 

-Бэлтгэлээ маш сайн хангасны хүчинд амжилт гаргалаа-

 

ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин Б.Номин “Өрсөлдөгчид эхний тойргоосоо эхлээд сүүлийн барилдаан хүртэл бүгд хүнд байсан. Багш нарынхаа зааж сургаснаар, бэлтгэлийнхээ төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ маш сайн хангаж явсны хүчинд амжилт гаргалаа гэж бодож байна. Үргэлж биднийг дэмжиж тусалдаг төр засаг, шигшээ багийн албаныхандаа бүгдэд нь маш их баярлаж талархсанаа илэрхийлье”

 

 

Ийнхүү тэд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Лимузин” хөлөглөн “Хаммер” жийп автомашины цуваагаар Спортын төв ордныг зорисон юм.  

 

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас