Чөлөөтийнхөн уухайн дуутай эх орондоо ирлээ

2015-09-15 14:34:37

 

Чөлөөтийн эрэгтэй тамирчид Лас Вегас хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт болсон юм. Мөн олимпийн эрхийн зургаан жингээс дөрөвт нь эрхээ халаасалсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй амжилт байлаа.

 

Тэгвэл ДАШТ-нд амжилттай оролцсон эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг мянга мянган дэмжигчид, ар гэрийнхэн, найз нөхөд нь уухай хадаан угтаж авсан юм.

 

Энэ тэмцээнээс монголын эрэгтэй шигшээ багийн анхны мөнгөн медалийг 61 кг-д барилдсан ОУХМ Батболдын Номин хүртсэн бол хүрэл медалийг 57 кг-д ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр, удаах мөнгөн медалийг тэмцээний сүүлийн өдөр 74 кг-д барилдсан Пүрэвжавын Өнөрбат нар авсан.

 

Энэ амжилтаараа манай шигшээ баг баг нийлбэр дүнгээр шагналт 4 байрт шалгарсан төдийгүй Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн түүхэн амжилтыг шинэчилсэн. Энэ нь 30 жилийн дараа Дэлхийн дэвжээнд хоёр бөх финалдаж, 30 жилийн дараа дэлхийн дэвжээнээс  3 медаль хүртсэн тохиолдол боллоо.

 

Шигшээ багийн тамирчид маргааш албан ёсоор хэвлэлийн хуралд оролцох тов дуулгасан.

 

 

 

Г.Даша

 


Нүүр хуудас