“Спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна”

2015-09-14 13:21:15

 

Монголын хүүхдийн спортын V их наадмын нээлт энэ сарын 12-нд буюу өнгөрсөн бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад зочид төлөөлөгч оролцон үг хэлсэн юм.

 

 

Наадмыг нээж, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын ирээдүй болсон цог золбоот өсвөрийн тамирчид, дасгалжуулагчдад амжилт хүслээ. Мөн тэрээр энэ удаагийн наадамд тамирчид анх удаа Олимпийн наадмын жишгээр эрхээ авч өрсөлдөж байгааг дурьдан их наадмын хөтөлбөрт параолимп, дифолимп, тусгай олимпийн спортын төрлүүдийг багтааснаараа Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгааг онцолсон юм. 

 

 

Хүүхдийн спортын V их наадмыг өвөл, зуны үндсэн 19 төрөл, сонгож оролцох 15, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд 11, нийт спортын 45 спортын төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна.

 

Нээлтийн үйл ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн гол үйл явдал бол галт бамбар асаах арга хэмжээ байлаа. Энэ удаагийн наадмын галт бамбарыг олимпийн хошой медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, параолимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, “Сингапур-2010” хүүхдийн олимпийн аварга Б.Батцэцэг, Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга Г.Эрдэнэболд нарын таван тамирчин бадраасан. Энэхүү бамбар Хүүхдийн спортын V дугаар наадам дуустал буюу долоо хоногийн турш Төв цэнгэлэх хүрээлэнд асаалттай байх юм.

 

 

Хүүхдийн спортын их наадам энэ сарын 12-19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Г.Даша

 

 

 


Нүүр хуудас