Чөлөөтийнхөн ДАШТ-д түүхэн амжилт гаргалаа

2015-09-14 10:43:53

 

АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэн олимпийн зургаан эрх өвөртлөн эх орондоо ирж байна.

 

Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт боллоо. Мөн олимпийн эрхийн зургаан жингээс дөрөвт нь эрхээ халаасалсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй амжилт юм. Энэ бол Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн сэргэн мандалтын илэрхийлэл. Харин эмэгтэйчүүд нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү Лас Вегасын дэвжээнээс нийт таван медаль хүртсэнээрээ Монголын баг тамирчид багийн дүнгээр долоодугаар байр эзэлсэн. Энэ удаагийн ДАШТ-ний дараа Монголын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй баг ДАШТ-ий нийт медалийн тоогоо 54 болголоо.

 

 С.Батцэцэг дэлхийн хошой аварга болов

 

 

Харин эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин С.Батцэцэг дэлхийн хошой аварга болов. Ингэснээр тэрээр дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар З.Ойдовын амжилтыг давтлаа  С.Батцэцэг 2010 оны ДАШТ-ээс алт, 2011 онд мөнгөн медаль хүртсэн. Мөн 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медаль хүртэж, амжилтаа бататгасан бол 2015 онд дахин ДАШТ-ий аварга боллоо. Тэрээр ДАШТ-д таарсан бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө цэвэр ялж, дэлхийн дэвжээнд “босоо” гэдгээ харуулсан юм. Тэр одоо ердөө 25 настай. Одоо монголчууд түүнээс олимпийн алтан медаль хүлээж байна. 

 

Эмэгтэйчүүд багаараа III  байр эзлэв

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн төрөлд монголын баг оросуудтай оноо тэнцэж, III  байрыг хуваан эзэлээ. Энэ төрөлд Японы баг тэргүүлж, АНУ-ын баг хоёрт жагссан юм. Харин Украин, Хятадын эмэгтэйчүүд шилдэг зургаад бичигдсэн. Харин эрэгтэйчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багаараа IV байр эзлэв. Тэд 1985 оноос хойш анх удаа ДАШТ-ээс гурван медаль хүртэж, хоёр бөх шагналт байрт шалгарсан юм.

 

 

ДАШТ-ий дүн:

 

Эрэгтэй:

 

57 кг: 1. В.Хинчегашвели /Гүрж/ 2. Н.Рахими /Иран/ 3. Э.Бэхбаяр /Монгол/, В.Лебедев /ОХУ/

67 кг: 1. Х.Алиев /Азербайжан/ 2. Б.Номин /Монгол/ 3. В.Дубов /Болгар/, В.Шултар /Украин/

65 кг: 1. Ф.Чамизо /Итали/ 2. И.Наврузов /Украин/ 3. С.Рамонов /ОХУ/, А.Мохамеди /Иран/ .... 5. Г.Мандахнаран /Монгол/

70 кг: 1. Г.Газимагомеов /ОХУ/ 2. Х.Яздани /Иран/ 3. Я.Гёр /Турк/, Ж.Грийн /АНУ/

74 кг: 1. Ж.Барроуз /АНУ/ 2. П.Өнөрбат /Монгол/ 3. Н.Панчам /Энэтхэг/, А.Гедуев /ОХУ/

86 кг: А.Садулаев /ОХУ/ 2. Я.Селим /Турк/ 3. С.Аминашвили /Гүрж/, А.Карими /Иран/

97 кг: 1. Т.К.Снайдер /АНУ/ 2. А.Гадисов /ОХУ/ 3. П.Олйеник /Украин/, Х.Газюмов /Азербайжан/

125 кг: 1. Т.Акгуль /Турк/ 2. Ж.Магомедов /Азербайжан/ 3. Г.Петриашвили /Гүрж/, Б.Махов /ОХУ/, ... 5. Ж.Чулуунбат /Монгол/

 

Эмэгтэй:

 

48 кг: 1. Э.Тосака /Япон/ 2. М.Стадник /Азербайжан/ 3. Ж.Бласка /Нидерланд/, Ж.Моррисон /Канад/

53 кг: 1. С.Ёшида /Япон/ 2. М.Маттсон /Швед/ 3. Чон Мён Сук /БНАСАУ/, О.Адекуорие /Нигери/

55 кг: 1. Х.Марулис /АНУ/ 2. И.Ологонова /ОХУ/ 3. Э.Николова /Болгар/, Т.Кит /Украин/

58 кг: 1. К.Ичо /Япон/, 2. П.Олли /Финланд/ 3. Э.Жале /Турк/, Ю.Раткевич /Азербайжан/

60 кг: 1. О.Гергель /Украин/ 2. С.Цэрэнчимэд /Монгол/ 3. Ж.Манолова /Болгар/, Л.Жейнс /АНУ/

63 кг: 1. С.Батцэцэг /Монгол/ 2. Р.Каваи /Япон/ 3. Ю.Ткач /Украин/, Т.Юсеин /Болгар/

69 кг: 1. Н.Воробьёва /ОХУ/ 2. Жоу Фэн /БНХАУ/ 3. С.Дошо /Япон/, А.Фоккен /Герман/ ... 5. О.Насанбурмаа /Монгол/

75 кг: 1. А.Грей /АНУ/ 2. Жоу Чянь /БНХАУ/ 3. Э.Маэ /Эстони/, В.Марзалюк /Беларусь/

 

21 орны тамирчид олимпийн эрх авчээ

 

 

ДАШТ-ээс нийт 21 орны тамирчид олимпийн эрх авчээ. Манай улсын олимпийн зургаан эрх авсан. Тодруулбал, эрэгтэй тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл болон шагналт хоёр байр авснаараа дөрвөн олимпийн эрх өвөртөлсөн. Харин эмэгтэйчүүд 63 кг-д алтан медаль, 69 кг-д нэг шагналт байр эзэлснээрээ хоёр олимпийн эрх авч байна. Хэдийгээр 60 кг-ийн жинд С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн ч олимпоос 60 кг-ийн жинг хасагдсан байгаа. Тиймээс мөнгөн медаль хүртсэн ч олимпийн эрхгүй үлдэж байгаа юм. С.Цэрэнчимэд хэрвээ олимпийн эрх авахыг хүсвэл олимпийн жин буюу 58 кг, эсвэл 60, 63 кг-ийн жинд хүч үзэж, дэлхийн дэвжээнд амжилт гаргах шаардлагатай.  

 

Г.Даша

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас