Залуу арслан, харцага мэндэлсэн Монгол наадам

2015-07-13 11:00:18

Өнөө жилийн наадам сайхан боллоо. Монгол бөх хэзээнээсээ тааварлашгүй  гэдэг  нь энэ жил мөн л нотлогдлоо. Наадамчин олон аварга С.Мөнхбат, гарьд Д.Рагчаа, Дархан аварга Г.Өсөхбаяр нарыг дээгүүр барилдана хэмээн таамаглаж байсан. Гэвч гурав, дөрвийн даваа гэхэд л том цолтнууд өвдөг шороодож, наадамчин олны таамгийг эвдсэн.

 

Том цолтнуудад хатуурхсан гурав, дөрвийн даваа 

 

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтон өвдөг шороодсон. Харин гурвын даваанд Улсын гарьд Б.Гантогтох, харцага Ө.Бат-Орших, Б.Өсөх-Ирээдүй, Б.Мөнгөнцоож нарын шилдгүүд өвдөг шороодсоноор наадмаа дуусгасан юм.

Наадамчин олон үргэлж дэмждэг, Монгол Улсын Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр дөрвийн даваанд өвдөг шороодсон. Мөн баяр наадамд дээгүүр барилдана хэмээн хүлээгдэж байсан гарьд Д.Рагчаа, харцага Б.Пүрэвсайхан нар дөрвийн даваанд унаснаар наадамчин олны таамгийг эвдсэн билээ. Дөрвийн даваа энэ мэтээр том цолтнуудад хатуурхсан. Дөрвийн давааг давж чадаагүй улсын том цолтнуудын дунд Улсын аварга Г.Эрхэмбаяр хүртэл багтсан юм. Тэрээр Дорнод аймгийн харьяат, аймгийн арслан А.Анартай барилдаж, өвдөг шороодсон.

 

Аваргууд тавын даваанд өвдөг шороодов

Хүчит бөхийн барилдааны тавын даваа бүр ч “сенсаци”-тай болов. Энэ даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат нар өвдөг шороодлоо. Дархан аварга Г.Өсөхбаяр тавын даваанд аймгийн хурц арслан А.Алтанхуягийг амлан авч, барилдсан. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр улсын начин Н.Батзаяаг амлан авч, барилдлаа. Гэвч хоёр аварга хоёул өвдөг шороодсон. Ингэснээр Улсын начин Н.Батзаяа цолоо бататгаж, аймгийн арслан А.Алтанхуяг Улсын начин цолны болзол хангасан юм. Тавын даваанаас нийт найман улсын начин цолтон төрсөн.

 

 

Шинээр төрсөн начин цолтнууд:

 

-Д.Энхбаяр

-Э.Даш

-Ч.Ганхуяг

-Б.Одгэрэл

-А.Алтанхуяг

-Ш.Шинэбаяр

-Г.Баасандорж

-Б.Батжаргал

 

Н.Батзаяа хоёр ч зүүний магнайг өвдөг шороодуулав

 

Энэ жилийн наадмын бас нэгэн чимэг Улсын начин Н.Батзаяа байлаа. Тэрээр тавын даваанд Улсын аварга Г.Өсөхбаярыг давж, начин цолоо баталгаажуулсан. Харин зургаагийн давааны зүүний магнайд гарсан улсын арслан Н.Батсуурийг мөн л өвдөг шороодуулж, харцага цолны болзол хангасан юм. Тэрээр ийнхүү өнөө жилийн наадмаар харцага цолны болзол хангасан цорын ганц бөх болсон. Зургаагийн даваанаас эхлэн “цахиур” хагалсан бөхчүүдийн нэг нь яах аргагүй Улсын харцага Э.Оюунболд байлаа. Тэрээр зургаагийн даваанд шинээр начин цолны болзол хангаад байсан Э.Даштай тунаж, барилдан төвөггүй өвдөг шороодуулсан. Харин долоогийн даваанд Улсын харцага Ц.Содномдоржийг өвдөг шороодуулж, заан цолны болзол хангасан.

 

Э.Оюунболд 22 насандаа төрийн наадамдаа түрүүллээ

Тэрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, наадамчин олны дунд дархан аварга Б.Бат-Эрдэнийн залгамжлагч хэмээн алдаршаад байна. Ердөө 22-хон настай залуу улсын наадамдаа ес даван түрүүлж, улсын арслан цолны болзол хангалаа. Хэнтий нутгаас хамгийн сүүлд 1999 онд аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж байсан. Улмаар 16 жилийн дараа Э.Оюунболд төрийнхөө наадамд түрүүлж, наадамчин олныг баясгалаа. Тэрээр долоогийн даваанд харцага Ц.Содномдоржийг давсныхаа дараа наймын даваанд гарьд Д.Гончигдамбыг өвдөг шороодуулсан. Улмаар үзүүр, түрүүнд Улсын арслан П.Бүрэнтөгстэй барилдаж, давснаар Монгол төрийн наадамдаа түрүүлсэн. Ингэснээр өнөө жилийн наадамд залуу бөхчүүд “цахиур” хагаллаа. Шинэ харцага, арслан цолтон мэндэлсэн монгол наадам хур бороо дагуулсаар өндөрлөсөн юм. 

 

Л.Энхдэлгэр | Гэрэл зургийг Ц.Баярбаатар


Нүүр хуудас