А.Сүхбат: Эрэмбэндээ багтаж амьдрах ёстой

2015-07-07 15:51:00

 

Үндэсний их баяр наадмын 94 жилийн ойн бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайг магнайлах вэ гэх асуудал нийгэмд талцал маргаан үүсгээд байгаа. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос дээрх бөхчүүдийг амжилтынх нь эрэмбээр ангилна хэмээн мэдэгдсэн.

 

Энэ асуудалд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат тайлбар өгөхөөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Зүүний магнайг монголчууд эртнээс эрхэмлэж ирсэн. Учир нь, наран ургах зүг учраас бөхчүүд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг байна.

 

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

 

-Хоёр аваргын хэн нь зүүний магнайг гарах вэ гэх асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Г.Өсөхбаяр аварга хэвлэлд өгсөн ярилцлагада “Би зүүний магнайд магнайлна” гэсэн байсан. Энэ маргаан яагаад гарах болов. Хууль дүрмэндээ юу гэж заасан байдаг юм бэ?

 

-Дархан аваргуудыг эрэмбэлдэггүй. Хэн түрүүлж энэ цолонд хүрсэн нь зүүний магнайд гардаг. Миний хувьд 2004 онд дархан аварга цолны болзол хангасан. Харин Г.Өсөхбаяр 2009 онд энэ болзлыг хангасан байдаг. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бид хоёр дархан аварга цол өгч, үнэмлэх гардуулахдаа 07 тоот үнэмлэхийг надад өгсөн. Өөрөөр хэлбэл, дархан аварга цолыг би Г.Өсөхбаярын өмнө хүртсэн. Гаргасан амжилтаараа ч би зүүний магнайд гарах ёстой. Эрэмбэндээ багтаж амьдрах ёстой.

 

 

-Энэ талаараа холбогдох албаныханд хэлсэн үү. МҮБХ өнөөдөр 14.00 цагаас Г.Өсөхбаяр аварга та хоёртой уулзах санал тавьсан байна лээ. Та яагаад уулзалтад очоогүй вэ?

 

-Бөхчүүдэд цол, чимэг олгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар шийддэг. 2000 онд А.Сүхбат, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Б.Ганбат, П.Цэрэнпунцаг, П.Сүхбат зэрэг зургаан залуу заан байлаа. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2000 онд би түрүүлж, Монгол Улсын Арслан цол хүртсэн. Энэ цолонд хүрэхээсээ өмнө би эрэмбээрээ Г.Өсөхбаяр аваргын доор байсан. Улмаар 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 9 давж аварга цол хүртсэн. Тэгш ой байсан учир 10 давж түрүүлсэн. Хуульд 10 давж түрүүлвэл хоёр удаа түрүүлсэнтэй тэнцэнэ гэж заасан. Энэ хүрээнд би 2004 онд Дархан аварга цолны болзол хангасан ч 2007 оны нэгдүгээр сард даян аварга цол өгсөн. Г.Өсөхбаярын хувьд 2002 онд түрүүлж арслан, 2003 онд аварга, 2005 онд далай аварга, 2009 онд даян аварга цол авсан шүү дээ. Миний хэвлэлийн хурал зарласан цагтай давхацсан учраас МҮБХ-ны хуралд очиж амжаагүй байна.

 

 

-Тэгээд ямар учраас маргалдаад байгаа юм бэ?

 

-Би 2006 онд зодог тайлсан. Түүнээс хойш барилдаагүй. Харин Г.Өсөхбаяр барилдаж, амжилтаа ахиулсаар ирсэн. Гаргасан амжилт нь энэ. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа өөрчилж, эхэнд нь Г.Өсөхбаярт олгох ёстой байсан юм байна гэвэл би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Монгол бөхөд өөрчлөлт шинэчлэлт хийх нь, дархан аваргуудыг эрэмблэх болж байна гэж ойлгоно. Ер нь МҮБХ бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй бол төрийн мэдэлд очвол яасан юм бэ. Г.Өсөхбаяр аварга маргалдах гээд байгаа бол шүүхэд хандаж болно шүү дээ.

 

-Та зодог тайлсан хэр нь барилдаад байх юм. Барилдахгүй байж болдоггүй юм уу?

 

-Би энэ цолыг өөртөө өгсөн юм биш. Төр түмнийхээ хайр хишгийг дааж, гурван жил барилдана гэж боддог байсан. Олимпийн аварга болно гэж тамирчин бүр мөрөөддөг. Би энэ спортоор 30 гаруй жил хичээллэсэн байна. Хамаг залуу нас, амьдралаа зориулсан. Тиймээс дархан аварга болоод нутаг ус, эцэх эхийнхээ нэрийг дуудуулаад зогсохсон гэж байнга мөрөөддөг байсан. Би энэ мөрөөдөлдөө хүрсэн. Цолоо дуудуулаад зогсох ямар сайхан гэж санана. Г.Өсөхбаяр бид хоёр бол харьж яваа бөхчүүд. Ийм бөхчүүдийг харьшгүй хүчит, далай даян дархан аварга гээд дуудахаар ямар гоё байдаг гэж бодно, та нар. Эрэмбийг булааж авдаггүй юм. Би энэ цолоо насан туршдаа хүндэтгэж, хайрлаж явах болно. Тиймээс цолныхоо эрэмбийг бууруулмааргүй байна. Монгол бөх хөгжиж, шинэчлэгдэх ёстой. Түүнээс миний барилдах, барилдахгүй гэдэг дурын асуудал.

 

 

-Үндэсний их баяр наадмын өглөө МҮБХ Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргавал та яах вэ. Баридахаа болих уу?

 

-Би Г.Өсөхбаярын оронд байсан бол үг дуугүй хүлээн зөвшөөрөх байсан. Энэ талаар юу ч дуугарахгүй. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд эрэмбэндээ багтаж амьдрах ёстой.  

 

С.Заяа | Гэрэл зургийг Ц.Баярбаатар


Нүүр хуудас