Ц.Нямдорж: Энд бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм

2015-07-01 15:12:07

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 30 гаруй саналаар санал хураалган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Зөрчлийн хуулийг хэдийнээс хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулсан юм. Салбарын яамнаас уг хуулийг ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжих боломжтой хэмээн үзсэн байна. Харин гишүүд хэрэгжих хугацааг нэг сараар сунгаж ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2002 онд Эрүүгийн хуулийг баталсны дараа хэрэгжүүлэхийн тулд долоон сар сургалт зохион байгуулж, хуулийнхныг хамруулж байсан. Ингэж бэлтгэл хангахаас эхлээд ажил нэлээд ордог. Тиймээс Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хожуу тавьж өгөх ёстой” гэв.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Та дандаа бэлгэ дэмбэрэлгүй юм ярьж байх юм. Хууль зүйн яам боломжтой гэж үзэж байхад, болж л таараа” гэсэн тайлбар хийсний эсрэг Ц.Нямдорж гишүүн “Энд бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм” хэмээн хэлж картаа сугалж аван хуралдааныг орхиж гарлаа.

 

Дашрамд, дээрх хуулиар Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд зохицуулж ирсэн 240 гаруй асуудлыг зохицуулахаар тусгажээ.

 

С.Заяа


Нүүр хуудас