Орос гаралтай барууны алдартнууд

2015-04-23 07:48:00

 

 

Баруун орнуудын олны танил алдартнууд, улстөрчид болон жүжигчид Орос гарал угсаатай байх нь цөөнгүй. Тэдний дотор Оскарын шагналд дөрвөн удаа нэр дэвшиж байсан жүжигчин, алдарт “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимж байсан халуун модель, Английн улстөрч багтжээ.

 

 Леонардо Ди Каприо

 

 

Холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн овог итали нэрийг санагдуулдаг ч үнэндээ түүний эмээ Орост төрсөн гэнэ. Ди Каприо 2012 онд Оросын нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний эмээ Елена Смирнова орос хүн байсан. Миний хувьд эмээ минь дотоод хүч чадал, үнэнч шударга байдлын бодит биелэл болсон хүн байлаа” хэмээн ярьжээ.

 

Ди Каприог 2010 онд Орост аялж байх үеэр сууж явсан онгоцных нь хөдөлгүүр эвдэрсэн бөгөөд тэрээр ослын буулт хийж чадсан байна. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг “жинхэнэ эр хүн” хэмээн үнэлсэн байдаг. Ди Каприо 1998 онд байгаль орчныг хамгаалах өөрийн сангаа байгуулсан бөгөөд Ерөнхийлөгч В.Путины санаачлан зохион байгуулсан “Нэн ховордсон Амур барыг хамгаалах нь” дээд хэмжээний уулзалтын үеэр нэг сая ам.доллар хандивлаж байжээ.

 

Эд Милибэнд

 

 

Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн Эд Милибэндийн эцэг эх болох Марион Козак, Ральф Милибэнд нар еврей үндэстэн бөгөөд нацист дэглэмийн үед Польш, Бельги улсаас дүрвэн иржээ. Ральф Милибэнд өөрийгөө марксист үзэл баримтлалтай байсан гэдгээ нуудаггүй аж.

 

Харин Эд Милибэнд 2009 онд Орост айлчилж байхдаа урт хугацааны турш холбоо тасраад байсан хамаатнаа олсон байна. Тэрээр Эхо Москвы радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож байх үеэр нэгэн эмэгтэй холбогдоод “Намайг София Давидовна Милибэнд гэдэг. Орост буй цусан төрлийн хамаатнуудаас чинь үлдсэн цорын ганц хүн нь би” хэмээн ярьж байжээ. София Милибэндийн өвөө  Эд Милибэндийн элэнц өвөөгийн дүү байсан бөгөөд шууд нэвтрүүлгийн дараа тэрээр Орос хамаатантайгаа уулзаж ярилцсан байна.

 

Дашрамд дуулгахад, ирэх сарын 7-нд Их Британид парламентын сонгууль болох бөгөөд хэрэв Эд Милибэндийн Хөдөлмөрийн нам ялалт байгуулвал тэрээр Ерөнхий сайд болох аж.

 

Ник Клегг

 

 

Их Британийн Засгийн газарт Орос гаралтай улстөрч ганц байх нь хангалтгүй бололтой. Либерал Ардчилсан намын тэргүүн Ник Клегг ч мөн Орос гаралтай гэнэ. Түүний эмээ Баронесс Кира фон Энгельхардт сурвалжит язгуурт орос хүн байсан бөгөөд 1917 оны большевик хувьсгалын дараа Санкт-Петербургаас дүрвэн иржээ. Түүнчлэн Англид шилжин суурьшсан Клеггийн  элэнц авга эгч Мария Будбергийг Английн Засгийн газар олон жилийн турш тагнуул хэмээн сэжиглэж байсан гэдэг. Ямартай ч ирэх сарын сонгуулиар Английн Засгийн газрыг Орос гаралтай улстөрч толгойлох магадлал 40 хувьтай гэдэг нь тодорхой боллоо.

 

Памела Андерсон

 

 

Канадын жүжигчин Памела Андерсоны элэнц өвөө тухайн үед Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан Финляндад төржээ. Харин Памела Андерсон саяхныг хүртэл гэр бүлээ Голланд гаралтай гэдгийг мэдээгүй байсан аж. Тэрээр “Boston.com”-д өгсөн ярилцлагадаа “Ээж маань Голланд биш Орос гаралтай гэдгээ олж мэдсэн. Тиймээс л тэр өнөөг хүртэл модон гутал, салхин тээрмэн сувинер цуглуулдаг байж” хэмээсэн юм.

 

Хелен Миррен

 

 

Английн жүжигчин Хелен Миррений эцэг орос, эх нь англи хүн байжээ. Харин түүний өвөө Оросын армийн хурандаа байсан бөгөөд большевикууд засгийн эрхийг барьж байх үед Их Британитай зэвсгийн худалдааны гэрээ хэлцлийг ахлан хийж байсан гэнэ. Хожим тэрээр Лондоны таксины жолооч болжээ. Хелен Миррен 2009 онд “Сүүлчийн зогсоол” кинонд Оросын их зохиолч Лев Толстойн эхнэрийн дүрийг бүтээсэн байдаг.

 

Тэрээр энэ тухайгаа Телеграф сэтгүүлд “Эцэг минь төрж, өвөө маань амьдарч байсан энэ газар зүрх сэтгэлд минь эрхэм байдаг” гэж ярьжээ. 

 

Хоакин Феникс

 

 

Гладиатор киноны Коммодусын дүрээр олонд танигдсан жүжигчин Хоакин Феникс мөн л орос удамтай нэгэн юм. Түүний эх Орос-Унгарын цагаач еврей гэр бүлээс гаралтай юм байна. Тэрээр 1987 онд хүйтэн дайны үед орос далайчинтай танилцан дотно нөхөрлөсөн америк хөвгүүдийн тухай өгүүлэх “Russkies” кинонд тоглож байсан билээ.

 

Б.Саруул 


Нүүр хуудас