Ухаалаг утас хэрэглэгчдэд зориулсан Google-ийн шинэ апп

2015-04-22 14:32:53

 

Google саяхан хайлтын системдээ шинэ функц нэмжээ. Энэ нь утсаа алга болгосон хүмүүст туслах зориулалттай юм байна. Бид утсаа халаасандаа, цүнхэндээ, машиндаа гээд яг хаана хийснээ санахгүй эрж хайх үе бишгүй гардаг. Тэгвэл ийм тохиолдолд компьютер ашиглан утасныхаа байршлыг хялбархан тогтоох боломжтой болжээ. “Хэрэв утас таньтай ойрхон байвал Google-ээс дуудлага хийж, дуугаар нь та олж болно. Түүнчлэн Google утасны байршлыг заасан ч та яаж очихоо мэдэхгүй байвал газрын зураг дээр харуулж өгнө” гэж Google-ийн ажилтнууд шинэ үйлчилгээнийхээ давуу талыг мэдээлсэн байна.

 

Google-н хайлтын системийг ашиглаж ухаалаг утсаа олж болох энэхүү шинэ аппликэйшныг “Find My Phone” гэж нэрлэжээ. Хамгийн гол нь та гар утсандаа ашигладаг Google хаягаар нэвтэрч орох ёстой. Мөн утсандаа Google аппликэйшны сүүлийн хувилбарыг татаж авсан байх шаардлагатай гэнэ. Хэрэв утсаа хулгайд алдчихлаа гэж бодвол Android Device Manager функцыг ашиглаж алсаас утсаа түгжих, доторх мэдээллүүдийг устгах, эсвэл паспортыг шинэчилж болох юм байна.

 

Ц.Удвал


Нүүр хуудас