УИХ гурван “хар хэрээтэй”

2015-04-10 15:49:10

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүн Л.Болд болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар муудалцаж, танай манай Засгийн газартаа тулсан юм. Харин хоёр гишүүнийг ийнхүү маргалдсаны дараа О.Баасанхүү гишүүн үг хэлэхийнхээ өмнө “Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчээр, битгий та нар ингэж ярьцгаа. Танай хоёр бол тэртээ тэргүй МАНАН-гийн Засгийн газар. Тиймээс нэгнийхээ муу, муухайг ингэж олон түмэнд битгий зарла” гэсэн нь чуулганы хуралдаанд оролцогчдыг хөгжөөгөөд авлаа. Гишүүд “Танай нам ч бас энэ Засгийн газарт байгаа учир адилхан “хар хэрээ”. Тэгж ярьвал хоёр биш гурван “хар хэрээтэй шүү” хэмээн хошигносон юм. 

 

Мөн О.Баасанхүү гишүүн үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд “Баасанхүү гишүүний хэлж байгаагаар АН, МАН хоёр нэг засагт орчихсон, адилхан “хар хэрээнүүд” юм байна. Тэгвэл МАХН-ынхан бас энэ Засгийн газарт 2012 оноос хойш ажиллаж байгаа. Тэгэхээр 2012 оноос хойш “хар хэрээ” болсон гэсэн үг. Тиймээс цаашид хар хэрээ гэж яръя гэвэл хоёр биш гурван “хар хэрээтэй” гэх хэрэгтэй” гэлээ. Танхимд сууж байсан гишүүдийн зарим нь бүр эсрэгээрээ “Гурав ч биш, дөрөв, таван хар хэрээ байгаа шүү” гэлцсэн. Энэ УИХ-д хэдэн “хар хэрээ” байгаа юм бол...

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас