Байлдагчийн халаасанд генералын мөрдөс

2015-03-18 10:28:00

-1921-1936 он-

 

Өнөөдөр Зэвсэгт  хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Монгол цэргийн музейгээс “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс” сэдэвт үзэсгэлэнг дэлгээд байгаа юм. Аливаа улсын тусгаар тогтнол, сүр хүчийг цэрэг дайчдын дүрэмт хувцас, жавхаалаг байдал нь илтгэн харуулдаг билээ.

 

Тэр ч утгаараа энэхүү үзэсгэлэнд Монгол цэргийн үе үеийн дүрэмт хувцсыг дэлгэн үзүүлжээ. Үүнд хамгийн анх батлагдаж байсан 1914 оны дүрэмт хувцаснаас эхлүүлээд 2011 он хүртэлх цэрэг, цагдаагийн байгууллагын дүрэмт хувцасны гол гол өөрчлөлтүүдийг танилцуулжээ.

 

Орчин цагийн Монгол цэргийн анхны дүрэмт хувцас урдаа хүрд хээтэй, баруун зүүн мөрөн дээрээ улаан шар өнгийн мөрдөстэй, мөрдөс дээрээ маанийн үсэгтэй байсан бөгөөд энэхүү дүрэмт хувцсыг 1919 он хүртэл өмсөж байжээ.

 

1921 онд цэргийн дүрэмт хувцсны малгайн тэмдэг нь таван хошуутай, ханцуйн дэрээ ромбо, хас тэмдэгтэй болсон бөгөөд 1936 онд дахин өөрчлөлт оруулж гимнастёрк ялгах тэмдгэндээ үндэсний уламжлалыг шингээх зорилгоор өлзий хээтэй болгожээ.

 

Ингээд 1944 онд цэргийн дүрэмт хувцсанд өөрчлөт оруулахдаа битүү хоолойтой хүрэмтэй болж, мөрдөс зүүж эхэлсэн байна. Мөрдөс дээр цэргийн албан хаагчдын төрөл мэргэжлийг зааж өгдөг болжээ. Тухайлбал, их бууны, хууль цаазын анги гэх зэрэг. Түүнчлэн 1944 онд анх генерал цолыг баталсан аж. Энэ хувцсыг 1963 он хүртэл өмссөн аж. Ингэхдээ 1951,1957 онуудад жижиг өөрчлөлтүүдийг хийж байжээ.

 

1963 онд баталсан дүрэмт хувцсанд хийсэн хамгийн том өөрчлөлт бол өлзий хээтэй ялгах тэмдгийг таван хошуутайгаар сольсон явдал байв.

 

1990 оныг хүртэл олон улсын жишгийг дагаж таван хошуутай болсон дүрэмт хувцсыг өмсөж байсан ч Ардын Их Хурлын тогтоол гарч эргээд үндэсний хэв шинжийг дүрэмт хувцсанд шингээх зорилгоор өлзий хээг дахин оруулжээ.

 

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн дүрэмт хувцасны загвараар олон улсыг жишгийг даган дээд оффицерууд буюу генералууд таван хошууг эргээд хэрэглэх болсон байна.

 

Тус үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1936, 1944, 1950, 1963, 1978, 1991, 1988, 2011 оны дүрэмт хувцасны загварууд болон Маршал Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Армийн генерал Б.Дорж, Хурандаа генерал Ж.Ёндон, Хурандаа генерал, жанжин Ж.Лхагвасүрэн, Хошууч генерал С.Баасанхүү зэрэг цэргийн алдартнуудын өмсөж байсан дүрэмт хувцаснуудыг дэлгэн тавьжээ.

 

Мөн төрийн болон цэргийн одон медаль, цол зэргийг он оноор нь эгнүүлэн тавьсан байв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны тавдугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд “Цэргийн дүрэмт хувцас нь төрийн өмч бөгөөд цэргийн эд хөрөнгө мөн” хэмээн зааж өгсөн нь байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгддэг онцлогийг харуулсны зэрэгцээ Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдыг хүндэтгэх, төрөө дээдлэх бэлгэдлийг илүүтэй товойлгон өгчээ.  

 

Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

-1944 он -

 

-1963 он-

 

-1984 он-

 

-1990 он-

 

-2011 он-

 

-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын 1865, 1951, 1963, 1992, 2013 онд баталсан дүрэмт хувцаснууд-

 

-Армийн генерал Б.Дорж, Хурандаа генерал Ж.Ёндон, Хошууч генерал С.Баасанхүү зэрэг цэргийн алдартнуудын өмсөж байсан дүрэмт хувцаснууд-

 

-Хурандаа генерал, жанжин Ж.Лхагвасүрэн, Маршал Ю.Цэдэнбал, Маршал Х.Чойбалсан нарын алдартнуудын өмсөж байсан дүрэмт хувцаснууд-

 

-Хүндэт харуулын цэргийн дүрэмт хувцасны 1970, 2006, 2011 оны загварууд-

 

-1936 он-

 

-1944 он-

 

 -1963-1990 он-

 

 -Таних тэмдэг-

 

 


Нүүр хуудас