М.Наранбаатар: Ажлаа өгөх шийдвэрээ эрт гаргасан байсан

2015-01-06 11:22:57

 

Оны эхэнд ажлаа хүлээлгэн өгсөн МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр дээрх албыг сүүлийн 9 жилийн турш хашсан нэгэн. Харин өчигдөр түүний ажлыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь аваад байгаа билээ.

 

-Оны сүүлээс таны тухай  мэдээлэл олны анхаарлын төвд байлаа. Энэ талаарх шуугиан  одоо ч намжаагүй байна. Телевизийнхээ хоёр захирлыг халснаас энэ бүхэн эхлэлтэй юу?

 

-Асуудал  халагдсан хоёр хүнд байгаа юм биш. МҮОНРТ-д улстөрчид  гар дүрдэг л байсан. Гэхдээ иймдээ хүртэл  лав дүрэгдэнэ гэж  бодсонгүй. Энэ хэм хэмжээ хэтрэнгүүт нь би өөрийнхөө зүгээс авах арга хэмжээгээ авсан. “Уучлаарай  та  нар өөрсдийн хүлээсэн үндсэн ажлаа хийж чадахгүй байна, хоёрдугаарт та нарын цаана байгаа даалгаврын зорилго энэ байгууллагын төлөө биш байна, зөвхөн сандал суудал харж байна” гэсэн. Би хэлж байсан даа. “Та хоёрын бөгс нийлээд  миний нэг  сандал дээр багтахгүй шүү” гэж.  Цаашаа жоохон явсан бол хоорондоо зодолдох байсан л даа. Тэндээс л эхэлсэн. 1998 онд анх батлагдсан  хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль “Төр хэвлэл мэдээлэлтай байхгүй” гэдэг  санааг л илэрхийлсэн. Энэ хууль ганцхан  манайд л /МҮОНРТ/ хэрэгжээгүй.  Тухайн үед засаг барьж байсан АН, 2000 онд  олонх болсон МАХН одоогийн  МАН  хэрэгжүүлээгүй. Манай төсөв 2014  арваннэгдүгээр сарын 15-нд   50 хувь хасагдсан, 2015 онд  ажиллах бололцоог хүнд гэж харж байсан. Энэ бүгдээс улбаатай гарсан шийдвэр юм.

 

-Та энэ үр дүнг тооцоолж байсан байх. Өөрийн хүсэлтээр өгсөн гэж байгаа ч  таны  хүссэн  шийдвэр байгаагүй гэж харж байна. Ийм шийдвэр гаргах гарцаагүй байдал үүссэн үү?

 

-Өргөдлөө өгөх шийдвэрийг би эрт гаргасан байсан. Хэвлэлээр гарч байгаа зорилготой  мэдээллийг хувь  хүнийхээ хувьд зогсоох боломжгүй байсан. Нөгөө талаас надаас болж энэ байгууллагын нэр хүнд, уран бүтээлчдийн нэр хүнд унахвий, зорилго нь алдагдахвий гэдэг үүднээс ажлаа өгөх шийдвэрийг эрт гаргасан байсан. Хүний ажлыг авах гэж байгаа бол хэлээд авчих ёстой юм. Өнгөрсөн оны есдүгээр сард  “Чамайг шалгана. Тийм учраас ажлаа өг. Хохь чинь шүү” гэсэн. Миний зүгээс “Миний ажил бол шалгалт явуулахад саад болдог албан тушаал биш. Тиймээс намайг ажлаа хийж байхад шалга” гэсэн. Ингээд сая оны төгсгөлд шалгаж дууссан. Хоёрдугаарт  тэнд хашгирч загнаж, сэгсэгнэж байгаа хүмүүс ажлаа өгөхөөс аргагүйд хүргэдэг юм байна.

 

-Өмнө нь  таныг ажлаа өг гэдэг  шахалт ирж байв уу?  

 

-Тийм дарамт байнга л байдаг. Энэ  Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн орж  ирснээс хойш   ганцхан асуудал хэлэлцдэг. Тэр нь байгууллагын  төсөв төлөвлөгөө, орон тоо, стратеги биш. Ерөөсөө л М.Наранбаатар гэдэг буг чөтгөрийг зайлуулах тухай. Үнэндээ хоёр жил гурван сар надтай тэмцэлдэж байж хүч  түрч гаргалаа.  21 настай оюутан байхаасаа энэ байгууллагад орж шат шатанд нь ажилласны хувьд надад харамсах  зүйл алга. Мэргэжлийн хувьд хүрч болох карерт хүрсэн, Ерөнхий захирал болсноор өөрийнхөө хүсдэг байсан өөрчлөлтийг хийх боломж олдсон.

 

-Таныг удирдаж байх хугацаанд МҮОНРТ маш муу ажилласан  гэж дүгнээд байна лээ?

 

-Хэзээ ч санал нийлэхгүй.  Эхлээд хөрс бэлддэг. Өөрөөр хэлбэл М.Наранбаатар  гэдэг хүнийг  муу болгож харагдуулахын тулд МҮОНРТ муу байна гэдэг мессеж өгдөг. Үнэндээ нийт эфирийг нь суугаад үзчихсэн хүн байдаггүй. Ингээд ярихаар яалт ч үгүй бусад телевиз рүү  орчих гээд байдаг. Мэдээж  өдрийн 18 цагийн эфирт алдаа оноо бий. Гэхдээ хуулиар хүлээсэн үүргээ нэг бүрчлэн биелүүлж ирсэн. Янз  янзын судалгаа бий. Долоо хоног бүр гаргадаг манай судалгаа, сар  тутам гаргадаг Хэвлэлийн  хүрээлэнгийн судалгаа, хараат бус ТББ-ын судалгааг л харчихаарай. МҮОНРТ  дандаа нэгдүгээрт байгаа. Нэг жишээ хэлэхэд сонгуулийн санал хураахаас 14 хоногийн өмнөөс Цагийн хүрд-ийн ердөө хэдхэн секундыг өгөөч гэдэг. Энэ бол үзүүлэлт. Олон улсад олон нийтийн радио, телевиз уйтгартай гэдэг яриа бий. Тийм ч байдаг байх. Яагаад гэхээр хуулиар заасан зорилтот бүлэгт чиглэсэн нэвтрүүлгүүд явдаг. Жишээ нь  хүн болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай асуудал хөндсөн  нэвтрүүлгийг  тэр бүр шимтэж үзэхгүй шүү дээ.  Хүүхдийн нэвтрүүлгийг гэхэд гурван шатанд хийж байна. Энэ бүхэн олон нийтийн радио, телевизийг уйтгартай гэж харагдуулдаг. Уйтгартай биш  байна гээд дандаа  цэнгээнт нэвтрүүлэг хийх боломжгүй. Ийм  л онцлогтой.

 

-Өөрийн удирдлагад  ажиллаж байсан хоёр захирлаа халсантай  зэрэгцээд таныг идэж уусан гэх санхүүтэй  холбоотой мэдээлэл нэлээд явлаа.  Танай санхүүд хөндлөнгийн шалгалт, аудит  хэдэн удаа орсон бэ. Танд баримт байна уу?

 

-Хүн алахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй. Намайг ажил муу хийсэн гэхээр явцгүй байхаар нь ерөөсөө л идсэн уусан гэдэг болсон шүү дээ. Хэвлэл мэдээллээр ингэж их мэдээлээд, зорилготойгоор гүтгэхээр хууль хяналтын байгууллага сонсоогүй юм шиг суухгүй биз дээ. Ажил нь учраас шалгасан.  Аливаа зүйл баримттай нь дээр. Харуул хамгаалалтын тухайд  яръя л даа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард  Дотоодын цэргийг  татан буулгасан. Засгийн газрын хуралдаанаар нэг л өдөр манай хамгаалалтыг буулгасан. Гэтэл  МҮОНРТ бол онцгой обьект. Ингээд хамгаалалтын албыг түр байж бай гэсэн. Бүх асуудлыг 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй асуудлыг  Үндэсний зөвлөл шийддэг. Тиймээс гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах тухай, ингэхдээ тухайн компанийг тендер шалгаруулах замаар сонгохоор болсон юм. МҮОНРТ өмнө нь хувийн байгууллагаар  хамгаалуулж байсан удаагүй учраас төрийн хамгаалалтынхнаас ямар хүчээр хамгаалдаг байсанн, ямар цалин өгдөг байсан тухай тооцоо гаргаж өгөөч гэсэн юм. Энэ тооцоо өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.  Энэ тооцоог би гаргачихдаг юм биш. Үүнийгээ баримталж тендер зарласан, Сангийн яамны сайтад хүртэл  мэдээллээ байрлуулаад сар гаруйн дараа ганцхан компани  материалаа ирүүлсэн. Тэр компани нь шалгарсан. Үүнд М.Наранбаатар оролцох боломжгүй. Ярьдаг юм ердөө л энэ. Тэр үед Батбаяр, Цэрэн-Очир хоёрын  санаа бол  “Захирлаа би өөрийнхөө компанийг оруулчихая” гэсэн. Би хариуд нь “Болохгүй ээ. Тендерт нь ороод ир. Сайн бол шалгарна” гэсэн. Би Үнэлгээний  хорооноос гаргасан комиссын дүгнэлтийг л үндэслэж гэрээг соёрхон баталдагаас биш өөрийнхөө толгойгоор мэддэггүй.  

 

-Таныг шалгасан хуулийн  байгууллагууд ямар дүгнэлтэд хүрсэн юм бэ. Шалгасан үндэслэл нь юу байв?

 

-Энэ хооронд цагдаа, ТЕГ-т шалгуулсан. Бас 2013 онд   МХЕГ-аас томоохон шалгалт орж байсан.  Үндэсний аудитын газраас 2 удаа, нийтдээ 15  удаа  шалгалт хийсэн байдаг. Хамгийн сүүлд 2014 оны зургадугаар сард Аудитын газрын дүгнэлт гарсан байна.  2013 оныг дуустал нь шалгасан. Надад одоо айх юм алга. Дөнгөж сая 2014 оны 12 сарын 23-нд АТГ –аас хийсэн шалгалтын хариу “Наранбаатар гэдэг хүнийг буруутгах үндэслэл  алга” гэсэн хариу ирсэн. 

 

-Үндэсний зөвлөл хийх ёстой ажлаа хийхгүй мөртлөө зөвхөн М.Наранбаатар гэдэг хүнийг зайлуулахын төлөө  ажиллаж байна гэж та хэлсэн. Харин Үндэсний зөвлөлийнхөн  таныг ажил хийх боломжоор хангахгүй байна  гэцгээж байна лээ. Аль нь үнэнд ойр юм бэ?

 

-Би өмнө  нь ажиллаж байсан Үндэсний зөвлөлийн гишүүдийг бүгдийг хамруулж яриагүй гэдгийг  зөв ойлгоорой. Дөрвөн удаа энэ зөвлөлийн  бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байна. 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Үндэсний зөвлөлд одоо найман хүн бий. Тэр хүмүүсийн  зорилго нь тодорхой л байдаг байхгүй юу. Хурал зарлана. Хэлэлцэх асуудлаа ч тараадаггүй. Үндэсний зөвлөлийнхөө нэг гишүүнийг гадаадад явуулах асуудлыг хэлэлцэх гэж цуглацгаадаг, тийм л хүмүүс. Тэгэхээр чинь  юмыг ойлгодог  ухамсартай  хүмүүс нь очихгүй байх нь ойлгомжтой  биз дээ. Тэрнээс гадна би Үндэсний зөвлөлийн  бүх гишүүдэд нөлөөлж чадах уу гээд бодох асуудал бий.

 

-Ч.Сосорбарам гавьяатыг  л  таны халаасанд ороогүй ганц  хүн гэх яриа бий шүү дээ?

 

-Яалаа гэж дээ. Харин Со хэний халаасанд орсноо  өөрөө нотлоод  байгаа юм бишүү.

 

-МҮОНРТ төсвөөс санхүүждэг байгууллага. Өөрсдөө ч бас орлогынхоо тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Энэ байгууллагын санхүү, орлого хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна вэ өнөөдөр. Авлига албан тушаалын хэрэгт буруутгах хэмжээний их мөнгө эргэлддэг гэсэн  үг үү?

 

-Арван мянган төгрөг байсан ч авлига гэж үздэг  биз дээ. Тэгээд  шалгах  л ёстой. Би бол тэр утгаар нь хардаг. МҮОНРТ бол том систем.  Үүнийг хөдөлгөхөд нэлээн юм орно. Одоо  бол  төсөв 14 тэрбум байх ёстой. Үүнээс  долоог нь улсаас өгч, долоог нь бид өөрсдөө олдог юм. Гаргалгаа нь их энгийн. Төсвийн 60 хувийг  зөвхөн ажилчдын цалинд зарцуулдаг. Тэдгээр уран бүтээлчид, ажилтнуудын ажлаа хийх, үйл ажиллагааны зардал гээд  явж өгнө биз дээ. Тэндээс хүн мөнгө идэх бололцоо байна уу. Улсын төсвөөс өгдөг мөнгө нь  ажилчдын  цалин, нийгмийн даатгалд ч хүрэхгүй тоо харагдаж байгаа биз. Санхүүгийн салбарын хүн бол  намайг буруу ярьж байна гэх байх.  Энгийнээр тайлбарлахад ийм байгаа юм. Тэр мөнгийг  яаж олдог гэж бодож байна. Хүн зүгээр май гээд өгчихгүй. Бизнес эрхлэгчид зүгээр мөнгөө цацахгүй. Яагаад  тэд зуу зуун саяар гэрээ хийдэг  вэ. Яагаад гэвэл энэ байгууллага итгэлтэй найдвартай болохоор тэр. Тэр мөнгөний урсгал миний халаасаар, миний хувийн дансаар ороод байна гэж байх уу. Насаараа миний араас мөрдөж байгаа хүмүүс зүгээр өнгөрөөх үү. Би супер амьтан биш  шүү дээ.

 

-2015 оны төсөв 50 хувь танагдсан. Таныг ажлаас чөлөөлөхтэй зэрэгцээд  100 хүнийг цомхотголоо  л гэнэ.

 

-М.Наранбаатарын үүрэг даалгаврыг биелүүлсэн хүмүүсийг хомроглон хална гэвэл  би 800  тойрон хүрээлэгчтэй. Би  энэ байгууллагад амьдарсан хүн. МҮОНРТ-ээс өөр хаана ч хэдэн сар ч би ажиллаж байгаагүй. Өнөөдөр ямар ч тооцоогүйгээр  цомхотгол хийж байна л даа. Уг нь бол хүнээ биш эхлээд үйл ажиллагаагаа танах ёстой. Ямар ч мэдээлэлгүй Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд нь очоод  100 хүнийг халая гэхэд дэмжиж байна. Ямар зорилготой очсон нь  тодорхой. Бид бол чанга дуутай хүмүүс. Харин тэр  үйлчлэгч, арын албаныхны дуу  хэнд ч хүрэхгүй.

 

-УИХ-ын даргын мэдэгдлийн дараа та тэрбум төгрөг нэхэмжилж  байна гэж хэвлэлийн хурал  хийсэн. Тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж  нэлээн хэдэн сая төгрөг болно. Та үнэхээр нэхэмжилж байгаа юу?

 

-УИХ-ын чуулганы  индрээс  давуу талаа ашиглаж “М.Наранбаатар тэргүүтэй түүнийг тойрон хүрээлэгчдийг архичин гэж хэлсэн юмаа” гээд сууж байна гэдэг яачихсан ёс зүй вэ. Арай дэндэж байгаа байхгүй юу. Түүнд нь хариу өгч мэдээлэл хийхдээ тэрбум төгрөг нэхэмжилж байна гэж мэдэгдсэн. Тэр бол олон нийтийн анхаарлыг хандуулах нэг хэлбэр байсан юм.  Өчигдөр өмгөөлөгчтэй уулзаад тэмдэгтийн хураамжийн талаар  мэдсэн. Надад тэмдэгтийн хураамжид төлөх олон зуун сая төгрөг ч байхгүй. Гэхдээ шүүхэд өгөх асуудал хэвээрээ.  Эхлээд намайг архичин гэдгийг нотлох ёстой. Хэдэн удаа ажлын байран дээрээ согтуу байсан, хэдэн удаа согтуу байхад нь дээд, доод, дунд шатных нь ажилчид анхааруулсан гэх  зэргээр нотлох ёстой.  Тэр утгаараа шүүхэд өгч, нэр төрөө сэргээнэ.

 

-Таныг тойрсон хар бараан мэдээллүүд дунд хувь хүний  зан харилцааны  тухай ч дуулддаг.  

 

-Жишээ нь?

 

-Жишээ нь, Д.Энхтуяа захирлыг  эмэгтэй хүнийх нь хувьд үг хэлээр доромжилсон гэдэг мэдээлэл их явлаа. Та чухам юу гэж хэлснээ шударгаар хэлж чадах уу?

 

-Та намайг сайн мэдэхгүй байж магадгүй. Харин МҮОНРТ-ийн хамт олон ямар хүн болохыг маань гайгүй мэднэ. Тэр хүмүүс ямархуу зан араншинтай хүн болохыг хэлээд өгөх байх. Зорилготойгоор бичээд байгаа тэр мэдээлэл шиг шиг би тийм аймшгийн их зантай, бүдүүлэг ч хүн биш. Би  дуугүй ч хүн биш. Надад суурь бухимдал байсан. УИХ-аас томилогдож оччихоод төсөв мөнгө 50  хувь танагдчихаад байхад хэн ч  тэрний араас яваагүй. Өмнөх  захирлуудын үед хүн  бүр нэг асуудал хариуцаж аваад,  төсөв мөнгөө гайгүйхэн батлуулахын төлөө явдаг байсан.  Тэр утгаараа  “Миний  хүч хүрэхгүй  байна. Төсвөө батлуулахад та хэд оролцооч” гэж үүрэг хүлээсэн Үндэсний зөвлөл, удирдлага дор ажиллаж байгаа хүмүүстээ хэлсэн. Д.Энхтуяад “Чи УИХ-ын хэвлэлийн албаны дарга  байсан хүн. Учир байдлаа ойлгуул. Төсвийнхөө араас яв” гэж хэлсэн.  Хэн ч хуруугаа  хөдөлгөөгүй. Ингээд бухимдалтай байсан нь бас нөлөөлсөн.

 

-Д.Энхтуяа захирлын тайлбараар бол та МҮОНРТ-ийн үнэт архивыг хувийн компанид дур мэдэн зарах гэж байсныг эсэргүүцсэн  гэдэг. Та үнэхээр дур  мэдэн  зарах гэж байсан  хэрэг үү?

 

-Архивыг зүгээр портер зогсоож байгаад ачаад явдаггүй л байхгүй юу.  Манай хүмүүст болохоор М.Наранбаатар ачиж явах гэж байсан мэт ойлголт төрүүлсэн.   Архив гэхээр жигтэйхэн  нууц зүйл гэж манайхан буруу ойлгоод  байдаг. Олон улсад архив  бол нээлттэй л байдаг. Энэ асуудал сая гэнэт гараад ирсэн юм биш. Аль 2009 онд яригдаж байсан. Чухал  архив маань ганц шил архи, өдрийн хоол төдийгөөр үнэлэгдээд гараад байна. Үүнийг албан ёсны  болгоё гээд 2013 оны есдүгээр сард  Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар дэмжигдсэн юм. Архив-2-оос  хүн  хэрэгтэй  зүйлсээ мөнгөө төлөөд авдаг болъё гэж шийдсэн. Үүнийг хийхийн тулд Үнэлгээний хороо байгуулж, тендерт  4 компани оролцсон. Гэтэл  DV хальс хэлбэрээр архивыг зарах боломжгүй юм байна гэсэн. Ингээд DV хальсаа  тоон   системд шилжүүлж дараа нь онлайн худалдаа хийе гэсэн. Тэр ажлыг  хийх компани ч байсан. Тийм  л зарчмын ажил явж байсан юм. Тэр гэрээг  Д.Энхтуяаг хий гэсэн. Захирлуудын зөвлөл  шийдсэн учраас нэг хүний  эсэргүүцлээр шийдвэрээ өөрчилдөг ардчилал гэж байхгүй. Гэтэл Д.Энхтуяа  “АТГ шалгуулна” гээд хашхирсан.  Би тэр  үед үнэндээ бухимдаж “Юу гээд байнаа гөлөг минь” гэж хэлсэн. Үүнийг  нуухгүй.  Би бол бэлэн “П”-тэй хүн ч биш. Яаж харлуулах  вэ гээд янз бүрийн л арга сэдэж байгаагийн нэг нь. Ийм л  зүйл болсон. Гурван удаа сонгогдож, есөн жил энэ байгууллагыг удирдсан нь л  миний буруудах шалтгаан боллоо.  

 

-Таны ажлыг АН-ын генсек асан Ц.Оюундарь өнөөдөр /өчигдөр/ авлаа. Улс төрөөс хараат ажиллаж чадах болов уу?

 

-Надтай нэг баг болж, миний удирдлагад ажиллаж байсных нь хувьд, эмэгтэй хүнийх нь хувьд  элдэв юм хэлэх нь зохимжгүй. Өөрөө очъё гэж очоогүй байх. Хараат бус, бие даасан байх гэдэг  зүйл ингээд конец болж байна. Ц.Оюундарийн хувьд нэг бэрхшээлтэй зүйл бий. Тэр нь  МҮОНТ-ийн захирлаас буухдаа “МҮОНРТ бол живж буй титаник” гэж хэлсэн асуудал. Одоо өөрөө живж буй  хөлгийнхөө ахмад нь болчихлоо. Яаж ажиллахыг нь харъя. Аварвал сайн л биз дээ.

 

-УИХ-ын дарга З.Энхболд та хоёр нэг нутаг усных. Яагаад хувь хүн рүү тань чиглэсэн мэдэгдэл гаргах болов. Үл ойлголцол байна уу?

 

-Уг нь төв халхынхан их тохитой  хүмүүс шүү дээ. Надад бол ямар нэг асуудал байхгүй. Харин төрийн хүний ёс  зүй, буурь суурьтай чанар тэр хүнд байхгүй гэдгийг л харуулсан.  Халагдсан хүндээ яасан ч их  хайртай юм. Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгод ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Тэр хүслийг нь би биелүүлдэггүй. Өөрийнх нь өмч биш гэдгийг л хэлсний  л үр дүн энэ. Түүнээс бидэнд өс хонзон, үйл  ойлголцол байхгүй. Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий. Ёс зүйгүй зүйл 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед З.Энхболд тэргүүтэй АН-ын 4 нэр дэвшигч “Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулсан. Ингээд нэг өдөр над руу  залгаад “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэж МАН-аас   нэр дэвшигчдийг хэлнэ гэсэн. Ингээд “Энэ арай болохгүй. Би сонгуулийн  маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр  цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан. 2012 оны  эхэнд би сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрөө зарлаж байж чимээгүй болсон шүү дээ. Би Өвөрхангайн Арвайхээрийн шороон дээр, гэртээ төрсөн хүн. Намайг бүр 2008 онд хүртэл УИХ-д нэр дэвших гэж байна гэж шуугиж л байсан. Би өөрөө  бодоогүй байхад ийм хардлагууд явж л байдаг.

 

-Уучлаарай. МҮОНРТ-д архи уудаг, уран бүтээлчид нь дур дураараа авирладаг үзэгдэл байдаг гэдгийг олонтаа сонсч байсан. УИХ-ын дарга чуулганы танхимын индэр дээрээс ийм үг хэлсэндээ шүүмжлэлийн бай болчихоод байгаа юм бишүү?

 

-Чи зөвтгөж асуугаад байна уу, буруутгаж асуугаад байна уу.

 

-Буруутгаж асууж байна л даа...

 

-Тэгвэл Монголд архи уудаггүй хэн байгаа юм гэж сөргөөд асууя.  УИХ-д архи уудаггүй хүн хаа байгаа юм. “Арван хүний ажлыг 76 уулаа хийчихээд 17 хүн чинь согтуу байна, спикер ээ” гэж би хэлмээр байгаа байхгүй юу. УИХ эрүүл согтууг нь бид харж л байгаа. Долоо хоногийн даваа гариг бүр нэгдсэн хурлаа хийж,  өдөр бүр жижүүрээс тамгын даргад мэдээлэл ирдэг. “Архи оруулахыг завдав” гэх  зэргээр мэдээлэл бол ирдэг. Гэхдээ уучлаарай МҮОНРТ-д согтуу хүн олоод харчихаарай л даа.  Өнөөдөр архины асуудал бүрэн цэгцэрсэн.

 

-Олон нийтийн гэдэг статусаа хамгаалахад хүнд үү. Та  өнгөрсөн 9 жилд дарамт шахалтанд хэр их орж байв?

 

-Дарамт шахалт бол байнга шүү дээ. Гэхдээ олон нийтийн гэдэг статусаа хадгалсан, хамгаалсан. Надад үе үеийн Ерөнхийлөгч, Үндэсний зөвлөлийнхөн дэм  болж ирлээ. Ядаж л тогоо руу өнгийгөөд хутгалдаад байдаггүй байж.

 

-Танд “Ажлаа өгөх үү, аавын хаалга татах уу” гэдэг сонголт тулгасан гэх юм?

 

-Үндэсний  зөвлөлийнхөн “УИХ-ын дарга таныг шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэж байна гэж хэлсэн л дээ. Шоронд орох ямар хэрэг хийснээ мэдмээр байна. Хэлбэр нь би өөрөө өргөдлөө өгсөн нэртэй болохоос  намайг өөрөө хүсээд өргөдлөө өгөөгүй гэдгийг хүн болгон л мэдэж байгаа байлгүй.

 

-Танд одоо ямар амбийц байна. Улс төрд орох уу?

 

-Би дөнгөж 40 настай. Нас залуу нар эрт байна. Хийх ажил их байгаа байлгүй дээ.  Улс төрд орно гэж зарламааргүй байна.  Би их залуухан энэ байгууллагад ажиллаж, дэвшсэн. Ер нь дажгүй менежер гэдгээ өнгөрсөн есөн жилийн хугацаанд харуулсан. Тэгэхээр миний капиталыг хүмүүс ашиглах  байлгүй дээ.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Эх сурвалж: News.mn

С.Отгонсүрэн


Нүүр хуудас