“Петрочайна” хятад ажилчдаа нэмэгдүүлнэ

2013-05-29 11:29:17

Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин тамсаг” компанийн 160  гаруй монгол ажилчин цалингаа нэмэгдүүлэх, хээр ажиллах хоногоо багасгахаар өнгөрсөн бямба гарагаас  ажил хаялт зарлаад байсан билээ.

Үүнээс шалтгаалж “Монгол-93” шатахууны түүхий эдийг хангадаг 300 цооногийн үйлдвэрлэл зогссон тул албан тушаалтнууд анхаарлаа хандуулахаас өөр аргагүйд хүрсэн.

Тиймээс тус компанийн удирдлагууд болон Засгийн газрын төлөөлөлтэй өчигдөр гурван талт гэрээ хийхээр хэлэлцээрийн ширээний ард суусан ч одоог хүртэл шийдэлд хүрч чадаагүй байна. Хэлэлцээр өнөөдөр ч үргэлжилж, харин Дорнод аймгийн Матад суманд явуулж байгаа үйл ажиллагаа хэвийн  байгаа талаар эх сурвалж мэдээллээ.  

Нөгөөтэйгүүр Монгол ажилчдыг цомхотгох асуудал ч яригдаж эхэлсэн байна. Ямартай ч 20 гаруй хятад оператор нэмж ажилд авах гэж байна гэсэн мэдээлэл байгаа бөгөөд нягтлан болон санхүү хариуцсан мэргэжилтнүүдээ ч хятад иргэдээр сольж эхэлжээ.

                                                                                                                                                                                                                                 Г.Отгон


Нүүр хуудас