Бразилд үлдсэн гайхалтай дурсамжууд

2014-07-17 16:44:09

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ ердөө хэдхэн хоногийн өмнө Бразил улсад явагдаж өндөрлөлөө. Олон арван дурсамж, гайхалтай мөчүүдээр дүүрэн өнгөрсөн Бразил-2014 ДАШТ-ий онцлох мөчүүдийг дахин нэг сануулъя.

 

  1. Нисдэг Голландын гоол. Робин Ван Перси vs Испани

 

Энэ гоол Голландын шигшээ багийн Бразил дахь хувь тавиланг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Хөлбөмбөг сонирхогчид, тэр дундаа “Улбар шарууд”-ын фанатууд Робин Ван Персигийн агаар дээр мөргөж оруулсан уран гоёмсог тэр гоолын дараа шигшээ багаа өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж эхэлсэн билээ. Ван Персиг уг гоолоо хийсний дараа "Нисдэг Голланд" хэмээн ам бардам нэрлэсэн. Энэ гоол түүний замналын мартагдахгүй мөчүүдийн нэг байсан нь лавтай.

 

 

  1. Мирослав Клосе түүхэн амжилтын эзэн

 

Германы шигшээ багийн домогт тоглогч Польш гаралтай Мирослав Клосе ДАШТ-нд 16 гоол оруулсан түүхэн амжилтын эзэн болж байна. Тэрбээр Бразилд 15 гоолтой хүрэлцэн ирсэн бөгөөд нэгийг хийхэд л домогт Пеле, Герд Мюллерын дээр бичигдэх байлаа. Харин тэрбээр энэхүү даалгавраа амжилттай биелүүлж Бразилыг 7:1-ээр буулган авсан тулаанд өөрийн нэр дээр гоолоо бичүүлж чадсан юм. Мирослав Клосе 2002, 2006, 2010, 2014 оны ДАШТ-үүдэд дараалан оролцсон гэдгээрээ ч бас нэгэн чухал амжилтыг эвдээд байгаа.

 

 

  1. Неймарын бэртэл

 

Бразилтай Неймар торноосоо суллагдсан арслантай адилхан гэж домогт хөлбөмбөгч Зидан хэлсэн удаатай. Үнэхээр ч тийм юм. Бразил хэсгийн эхний учраа Хорваттай тоглосноос эхлээд л Неймарын уран гайхалтай чадварууд зохион байгуулагч орны шигшээг илтэд амжилт руу хөтөлж байв. Гэсэн хэдий ч тэрбээр Колумбын багийн эсрэг шөвгийн наймын тулаанд бэртэл авч талбайг чөлөөлөв. Мэргэжилтнүүд түүнийг шигшээ багаа финалд хүргэнэ гэж найдаж байсан ч Неймаргүй Бразил Германы эсрэг 7 гоол хаалгандаа алдаж, эх нутагтаа гутамшигтайгаар тэмцээнээ дуусгасан билээ.

 

 

  1. Гильермо Очоа

 

Хүчирхэг Бразилтай гоолгүй тэнцсэн Мексик өрсөлдөөнд байгаа шүү гэдгээ харуулсан. Гильермо Очоа хэмээх гайхалтай хаалгачийн ур чадвар Мексикийн багийг чимж чадаж байлаа. Түүний ур чадвар шигшээ багаа амжилтад хүргэх гол түлхэцүүдийн нэг байлаа. Магадгүй ДАШТ дууссаны дараа Гильермо Очоа Европын топ клубт очихыг үгүйсгэхгүй. Түүнийг ДАШТ-ий шилдэг таван хаалгачийн нэгээр нэрлэжээ.

 

 

  1. Суарезын хазалт

 

Уругвайн шигшээ баг Италийг эцсийн мөчид хожиж байлаа. Тэд илүү үйлдэл гаргалгүй, үлдсэн цөөхөн минутад хамгаалж дуусгавал баг нь шөвгийн 16-д орж ирэх байв. Гэхдээ Уругвай Италийг хожсон. Шөвгийн 16-д ч шалгарсан. Харамсалтай нь Луйс Суарез хэрэггүй үйлдэл гаргаж, Италийн хамгаалагч Келиниг хазсанаар талбайгаас хөөгдөв. Тэрбээр энэ үйлдлээсээ болж дөрвөн сар талбайд гарах эрхээ хасуулахын сацуу нэр хүндээ үлэмж алдлаа. Тэрбээр Бразил-2014 ДАШТ-ий этгээд үйлдлийн эзнээр зүй ёсоор нэрлэгдсэн юм. Урьд нь Суарез Челсигийн хамгаалагчийг хазаж байсан “туршлагатай”.

 

 

  1. Хамес Родригес

 

Хамес Родригес Бразил-2014 ДАШТ-ий нээлт болсон тоглогч. Түүний ур чадвар, гоолууд, үйл хөдлөл, сэтгэл зүтгэл дэлхий нийтийн хүндлэлийг зүй ёсоор хүлээхэд хангалттай байлаа. Хамес Родригес шигшээ багаа чирсээр хэсгээсээ шалгарч, багтаа бодит тусламж дэмжлэг болж чадсан. Тэрбээр Бразилын багийн эсрэг тоглолтод бүх хүч чадлаа гайхуулж, эцсийн мөч хүртэл тэмцсэн нэгэн юм. Хамес Родригес баатар байж чадсан.

 

 

  1. Бразил 1:7 Герман

 

Германы шигшээ баг Бразилыг 7:1-ээр хожсон түүхэн тохиолдол ДАШТ-ий өнгөрсөн хуанлид бүртгэгдэж байсангүй.  Гэтэл ДАШТ-ий шөвгийн дөрөвт, тэр дундаа Бразил эх нутагтаа хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулсан тохиолдолд Германчууд ийм олон гоол оруулна чинээ хэн ч санаагүй биз. Кроос, Мюллер, Клозе, Шурлье нар Бразилын мөрөөдлийг нэг мөсөн үгүй хийж, гутамшигт ялагдлын эзэн болгов. Герман Бразилыг хэзээ ч мартагдамгүйгээр гомдоосон билээ.

 

 

Т.Батсугар 

 

 


Нүүр хуудас