Германчууд үндэсний баатруудаа сүр дуулиантай угтан авлаа

2014-07-16 09:33:18

 

 

Хөлбөмбөгийн ХХ дахь удаагийн ДАШТ-д түрүүлсэн Германы хөлбөмбөгийн шигшээ багийг эх оронд нь баатарлагаар хүлээн авлаа. Тэд Берлинд газардах үед таван зуун мянган дэмжигч хүлээн авсан бөгөөд Германд хэд хоног үргэлжилсэн баярын жагсаал боллоо.

 

Тамирчдыг Бранденбургийн хаалганы дэргэд ёслол төгөлдөр хүлээн авч, асар том талбайд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан байна.

 

Тэд ХХ удаагийн ДАШТ-д тун амжилттай оролцож, шигшээ тоглолтод Аргентиний багийг 1:0-ээр буулган авч аваргалсан билээ.

 

Мөн Германы баг хүчирхэг Бразилыг 7:1-ээр нутагт нь хожиж шуугиан тарьсан юм. Бразилд гайхалтай ялалт байгуулсан Германчууд дөрөв дэх удаа дэлхийн аваргын цомыг өргөж байгаа нь энэ билээ. Тэд хамгийн сүүлд 1990 онд Аргентиний шигшээ багтай аваргын төлөө тоглож ялалт байгуулсан удаатай.

 

Германы шигшээ багт Засгийн газраас нь тамирчин бүрт 300 мянган евро, “Волксваген” загварын шинэ автомашин болон олон арван бэлэг, урамшууллаар гар цайлгасан байна. Тус улсын канцлер Ангела Меркель “Би шигшээ багаараа бахархаж байна. Германы ард түмэнд хүндлэгдэх эдгээр залуус баатарлаг гавъяа байгуулж, нэг сарын турш эх орныхоо төлөө ногоон талбайд тулалдлаа. Германы багийн жолоог атган өдий зэрэгт хүргэсэн Йахон Лёвын үүрэг асар их байлаа. Багийн тамирчин бүр эцсийн дусал хөлсөө зориулж энэ цомыг эх орондоо авч ирлээ” гэжээ.

 

Германы баг урьд нь 1954, 1974, 1990 онуудад түрүүлээд байсан бол ийнхүү 2014 оны Бразилын ДАШТ-д аварга болж байна. Мөн тэд ДАШТ-ээс хамгийн их медаль хүртсэн амжилттай юм.

 

Т.Бат

 

 

 


Нүүр хуудас