Аргентин “Алтан дагина”-ын төлөө Германтай тоглоно

2014-07-10 08:51:49

 

Хагас шигшээд хүч үзэхээр улбар шар өмсгөлтэй 11 тоглогч цэнхэр судалтнуудын эсрэг талбайд гарсан. Хожсон нь шигшээд шалгарч, хүчирхэг Германтай “Алтан дагина”-ын төлөө тоглох байсан юм. Тэр ч утгаараа хоёр багт аль алинд нь хожигдох эрх байхгүй байв. Шүүгч анхны шүглээ үлээн тоглолт эхэлсэн.

 

Энэ үеийн хамгийн шилдэг довтлогчдыг урд эгнээндээ зогсоосон хоёр баг мэдээж гайхалтай довтолгооныг ээлж дараалан зохион байгуулж байв. Харамсалтай нь довтолгооноос дутахааргүй ажиллаж байсан хамгаалалтын шугам энэ өдөр найдвартай, бат байлаа. “Нисдэг” Голландуудаас хамгийн их аюул тарьж буй тоглогч бол Германы Байерн Мюнхэн багийн жигүүр Ариэн Роббэн. Харин нөгөө талаас мэдээж дэлхийн шилдэг Леонель Мэсси.

 

Тэгвэл тэдэнд хаалганы торыг хөдөлгөх боломж олгоогүй юм. Тодруулбал, Роббэнийг Аргентины Маширано маш сайн хамгаалж тоглосон. Түүний цохисон гоол орох боломжтой бөмбөгөнд амжиж хэд хэдэн удаа хөл тавьж, аюулыг холдуулсан нь үүнийг нотлох болов уу. Харин нөгөө талд Английн Астон Вилла клубын хамгаалагч Рон Влаар энэ дэлхийн аваргад маш сайн формтой байгаа Мэссиг тун дажгүй хамгаалсан гэж дүгнэгдэж байна.

 

Гэхдээ хоёр багаас гоолын хувилбарыг төгсгөх гол зорилготой Робин Ван Пэрси болон Гонзала Игуайн нар тун хангалтгүй байлаа. Тэдэнд гаргаж өгсөн нэг ч бөмбөг эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөөгүй. Ингэж явсаар тоглолтын үндсэн цаг өндөрлөлөө. Хөгжөөн дэмжигчид, дуу дуулж баярласангүй. Яагаад гэвэл нэг ч бөмбөг хаалганы цагаан шугамыг даваагүй юм. Тооны харьцаа 0:0.  Нэмэлт цагийн 30 минут ч дахин өндөрлөлөө. 0:0 гэсэн тоо өөрчлөгдсөнгүй.  

 

Ингээд дүрэм ёсоор шигшээд хүрэх зам пенальтаар нээгдэхээр болсон юм. Хамгийн түрүүнд тоглолтын турш Мэссиг сайн хамгаалж байсан Голландын хамгаалагч Рон Влаар цохилоо. Харамсалтай нь тун муу цохилт гүйцэтгэж, түүнийг нь Аргентины хаалгач Ромеро өршөөгөөгүй юм. Харин дараа нь Мэсси 11 метрийн цохилт гүйцэтгэхээр орж ирлээ. Хаалганд түүний эсрэг Силлисэн зогссон. Улмаар цохилт гүйцэтгэж оруулснаар Аргентин 1:0 болон тэргүүлж эхлэв. Харин түүний дараа Роббэн багийнхаа хоёр дахь цохилтыг гүйцэтгэж, амжилттай болгосон. Дараа нь Аргентинаас Эзэкүэль Гарай цохиж гоолдсон бол Уэслэй Шнайдерийн цохилтыг Ромеро мөн л хааж орхив. Ингэснээр Аргентин хожих магадлал маш өндөр болсон юм.

 

Голл. Рон Влаар /амжилтгүй/

Арге.  Леонель Мэсси /амжилттай/

Голл. Ариэн Роббэн /амжилттай/

Арге. Эзэкүэль Гарай /амжилттай/

Голл. Уэслэй Шнайдер /амжилтгүй/

Арге. Сэрхио Агуэро /амжилттай/

Голл. Дирк Күит /амжилттай/

Арге. Родригез /амжилттай/

 

Үр дүн 4:2. Аргентин аваргын төлөө тоглохоор болов. Хожигдлын гол зүйл нь Голландын дасгалжуулагч Лью Ван Гаал тактикийн алдаа байсан гэж аналистууд үзэж байна. Тодруулбал, өнгөрсөн тоглолтод пенальт хаалгахаар Тим Крулыг талбайд илгээсэн нь түүний нүдээ олсон солилцоо байсан. Харин энэ удаад Янмаат, Клаи, Хунтэлаар нарыг сэлгэсэн учраас Крулыг оруулж ирэх боломжгүй болсон юм.

 

Ингэснээр “Алтан дагина”-ын төлөө Герман, Аргентин гэсэн хоёр баг үлдлээ. Харин хүрэл медалийн төлөө Бразил, Голландын багууд тулна.

 

Л.Болд

 

 

 


Нүүр хуудас