Герман, Бразилын тоглолтод гарсан рекордууд

2014-07-09 11:23:58

 

Германы шигшээ баг Бразилчуудыг 7:1-ээр буулган авч том шуугиан дэгдээгээд буй. Тэгвэл тус тоглолтод гарсан зарим рекорд, амжилтуудыг нэрлэе.

 

-Хамгийн түрүүнд Германы шигшээ багийн тоглогч Мирослав Клозег нэрлэх нь зүйтэй болов уу. Тэрбээр өнөөдөр болж өнгөрсөн тоглолтод багийнхаа хоёр дахь гоолыг оруулснаар хөлбөмбөгийн ДАШТ-ний түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч болов. Нийт гоолын тоо нь 16. Харин түүний өмнө Бразилийн шигшээн домогт довтлогч Роналдо 15 гоолтойгоор бичигддэг байсан юм.

 

-Тоглолтын 30 дахь минут үргэлжилж байв. Гэхдээ тооны харьцаа 5:0. Өмнө нь дэлхийн аваргын тэмцээнд хэзээ ч эхний 29 минутад нэг баг таван гоол оруулж байсан удаагүй гэдгийг онцольё. Харин өнөөдөр ийм “том” үзүүлэлт түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдлээ. Бразилын хувьд гутамшигтай, Германы хувьд гайхамшигтай.

 

-Дэлхийн таван удаагийн аварга Бразилчууд нэг ч дэлхийн аварга алгасч үзээгүй цорын ганц баг. Тэр ч утгаараа энэ тэмцээний түүхэнд нийт 220 гоол оруулснаараа хамгийн олон гоол оруулсан багаар нэрлэгдэж байсан юм. Гэтэл Германчууд итгэмээргүй байж нэг тоглолтод 7 гоол оруулснаар Бразилыг мөн л ардаа орхин 223 гоолтойгоор жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Гэхдээ аль аль багийнх нь хувьд энэ тоог ахиулах боломж бий.

 

 

-Өмнө нь хэлсэнчлэн 7:1-ийн харьцаатайгаар Герман “машин”-ууд өрсөлдөгчөө бут ниргэсэн. Тэгвэл энэ нь мөн адил рекорд болон тэмдэглэгдлээ. Өөрөөр хэлбэл ДАШТ-ий түүхэнд хагас шигшээ тоглолтод хамгийн олон гоолын зөрүүтэй хожсон тоглолт болсон  байна.

 

-Харин Бразилын хувьд анти рекорд бий болов. Тэр нь Бразилчууд 1938 оноос хойш анх удаа хагас шигшээ буюу шөвгийн дөрөвт хожигдлоо.

 

Харин энэ тоглолтын дараа Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Сколари “Миний амьдралын хар дарсан зүүд шиг өдөр бол өнөөдөр. Бүх хариуцлагыг хэн хүлээх вэ гэж үү, мэдээж би. Би л гарааны тоглогчид болон тактикийг гаргасан. Бүх Бразилчуудаасаа уучлал хүсч байна. Гутамшигтай үр дүн байлаа. Багаа шигшээ тоглолтод хүргэж чадсангүй дахин уучлал эрье. Гэхдээ хүрэл медаль авахын төлөө хичээх болно” хэмээжээ.

 

Л.Болд


Нүүр хуудас