Бразилын мөрөөдөл үгүй боллоо

2014-07-09 09:33:09

 

ДАШТ-ий тэмцээний шөвгийн дөрвийн эхний тоглолт зохион байгуулагч Бразил, Европын төлөөлөл Германы хооронд өрнөлөө. Дэлхийн сонгодог тулаан гэгдэж байсан энэхүү тоглолтод Бразилын шигшээ баг талбайдаа гутамшигтай хожигдож, хаалгандаа 7 гоол алдав. Эсрэгээр Герман машинууд даалгавраа давуулан биелүүлж шигшээ тоглолтод итгэлтэй шалгарлаа.

 

Тоглолтын эхний үеэс Германы багийн довтолгоо ширүүсч, хамгаалалт муутай Бразилыг маш хялбархан сандаргаж байлаа.  Тоглолтын анхны гоол Томаш Мюллерын нэр дээр бичигдэх учиртай байжээ. Тэрбээр 11 дэх минутад олон гоолтой энэхүү тулааны гоолын салхийг хагалав.

 

Дараа нь ДАШТ-нд 15 гоолтой Мирослав Клозе 23 дахь минутад багийнхаа хоёр дахь бөмбөгийг оруулав. Гэтэл ердөө ганцхан минутын дараа Реалын шинэ цэрэг Тони Кроос 24, 26 минутад гоолдсоноор Бразилчууд хэдхэн хормын дотор нутагтаа бут ниргүүлж эхлэх нь тэр. Удаа ч үгүй Сами Хедира 29 дэх минутад дахиад л гоолдлоо.

 

Эхний үе талдаа ороогүй байхад таван гоолоор хожигдож эхэлсэн Бразилчуудын довтолгооны санаачлага, гүйцэтгэл тун тааруу байлаа. Бразилын багийн хамгаалагч Давид Луйз, Марсело зэрэг хурдтай тоглогчид арын шугамд маш их алдаа гаргаснаар Германы гоолдох нөхцөлийг хөнгөхөн бүрдүүлсэн юм.

 

 

Хоёрдугаар үед ч Бразилчууд сэхээ аваагүй. Дөрвөн гоолоор тэргүүлсэн Германы шигшээ багаас Челсигийн жигүүрийн од Андрей Шурлье 69, 79 дэх минутад дубль хийв. Ийнхүү ДАШТ-ий хагас шигшээ, супер тулаан гэгдсэн Бразил, Германы тоглолт долоон бөмбөгийн зөрүүтэй болж ирснээр цэнгэлдэхэд цугласан талбайн эздийн фанатууд гүн шоконд орсон юм.

 

 Нэгэнт тоглолтын хувь заяа тодорхой болсон үед буюу  90+ минутад Бразилын багийн хагас хамгаалагч Оскар нэр төрийн бөмбөгийг хийснээр олон арван жил яригдах түүхэн тулаан Герман машинуудын илт давамгайлал дор дуусч буйг шүүгчийн шүглийн дуу эцсийн удаа сануулсан юм.

 

Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Сколари: Энэ бол миний амьдралын хамгийн хүнд өдөр

 

Бразилын багийг дасгалжуулан ДАШТ-ий хагас шигшээд хүрч ирсэн ч Германы шигшээд гутамшигтай хожигдсон тоглолтын тухай Сколари “Миний амьдралын хар дарсан зүүд шиг өдөр бол өнөөдөр” хэмээн хэвлэлд ярьжээ. Энэхүү хүнд хожигдлыг дэмжиж хамт байсан фэнүүддээ баярлалаа. Мөн тэднээс уучлалт хүсч байна. Бид нийт Бразилчуудын хүссэн тоглолтыг гаргаж чадсангүй. Эхний гоол алдах үед л бүхнийг өөрчлөхөд хэцүү болж эхэлснийг би ойлгосон. Тоглолтын үлдсэн цагт ч бидэнд юу ч хийх боломж олдсонгүй” гэжээ.

 

Хэцүүхэн ялагдлын дараа цэнгэлдэхэд цугласан бразилчууд уйлж байсны сацуу талбай дээрх тоглогчид ч нулимс унагав. Тиаго Сильви, Давид Луйз, Оскар, Халк гэхчлэн Бразилын нэр төр болсон залуус талбайн эзэн шиг байж чадаагүйнхээ төлөө нийт Бразилчуудын өмнө гутамшигт байдалд орсондоо маш их сэтгэлээр унасан юм. Ийнхүү Бразилчуудын мөрөөдөл талаар боллоо. Германы шигшээ баг “төгс” байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Т.Батсугар

 

 


Нүүр хуудас