Неймар финалын шатанд тоглож магадгүй гэв

2014-07-08 11:10:00

Бразилын шигшээ баг Колумбын багийг 2:1-ээр буулган авч хагас шигшээд шалгарсан тоглолт дээр тэдний гол тоглогч Неймар бэртэл авч, цаашид тоглох боломжгүй болж олон мянган фенүүдээ гонсойлгосон билээ.

 

Эдүгээ 22 настай Бразилын супер од нуруундаа хүнд бэртэл авсан тул үлдсэн тоглолтуудад оролцохгүй болсон тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байсан билээ.

 

Харин саяхан ирсэн мэдээллээр түүний нөхөн сэргээх эмчилгээ хэр дүнтэй болохоос хамаарч, Неймар ДАШТ-ий финалын тоглолтонд оролцож магадгүй гэсэн яриа гарчээ.

 

Эмч нарын зүгээс Неймарыг 40-45 хоногийн эрчимт эмчилгээний дараа бүрэн эдгэрнэ хэмээн хэлж байгаа ч энэ хугацаа удааширч магадгүй гэсэн мэдээллийг өгч билээ. “Barcelona”  энэ тал дээр ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна.

 

Харин Бразилын багын тоглогчид Неймар бүрэн эдгэрээгүй ч нөхөн сэргээх эмчилгээ, өвчин намдаах эмийн тусламжтайгаар аваргын цомын төлөөх тоглолтонд оролцоно хэмээн найдлага тавьж байгаа гэнэ.

 

Тэгвэл гэмтэл авсаны маргааш хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би ДАШТ-ий финалын шатанд тоглож чадахгүй болсондоо маш их харамсаж байна. Гэвч Бразил аваргын цомыг авна гэдэгт би итгэлтэй байна. Бид бүхэнд ялалтыг хамтдаа тэмдэглэх болно” гэжээ.

 

Тэрбээр одоо Бразилын эмч нараар нөхөн сэргээх физик эмчилгээ болон нугасны гэмтлийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

Б.Нямзул

 

 

 

 


Нүүр хуудас