“Бүдүүн” Роналдо: Бразил Германыг 1:0-ээр хожно

2014-07-07 16:49:00

Бразилын хөлбөмбөгийн түүхэн оддын нэг хөгжөөн дэмжигчдийн дунд “Туулай”, “Бүдүүн” гэх мэт хочоороо алдаршин үлдсэн Роналдо Лима эх орондоо зохион байгуулж буй хөлбөмбөгийн ДАШТ-д үндэсний багаа түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ярив.

 

“Хүн бүрт жаахан айдас байна. Учир нь шигшээ багийг тойрсон бэртэл, торгууль бүгдийн санааг зовоож байгаа нь үнэн. Удахгүй Бразил – Германы хооронд дэлхийн хамгийн том тоглолт өрнөх гэж байна. Гэхдээ би энд ганцхан багийг олж харахгүй байна. Учир нь Бразилын баг үргэлж фоварит байж ирсэн. Тэд дэлхийн ямар ч багийн эсрэг шилдэг тоглолт үзүүлдэг. Бразилчууд энэ ДАШТ-нд түрүүлэх болно. Хэдийгээр Неймар бэртэл авсан ч түүнийг орлох шилдэг тоглогчид багт байгаа. Бразил 1:0-ээр хожих болно” гэжээ.

 

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Германы шигшээ баг өндөр зохион байгуулалттай. Тэдний бүрэлдэхүүнд буй Мирослав Клозе 15 гоол оруулсан амжилтаар ДАШТ-д тэргүүлдэг. Энэ мэт Германд нууц зэвсэг олон бий. Гэхдээ л хүмүүс Неймарыг тэнд байхгүйгээр төсөөлөхөө болих хэрэгтэй” хэмээн ярьжээ.

 

Германы шигшээ баг энэ ДАШТ-д тун жигд байгаа юм. Тэд өрсөлдөгчдөө ээлж дараалан буулган авсаар шөвгийн дөрөвт ирлээ. Герман “машинууд”-ын эсрэг Бразилын шигшээ баг хэрхэн тоглохыг харах л үлдлээ.

 

Т.Бат


Нүүр хуудас