Бразилчууд Тиаго Сильвагийн торгуулийг хүчингүй болгохыг хүсэв

2014-07-07 10:25:00

Бразил 2014 ДАШТ-ий зохион байгуулагч орны баг тамирчид шөвгийн дөрөвт шалгаран үлдээд байгаа. Гэвч Сколаригийн залуус энэ хүртэл тун хохиролтой явж ирсэн гэхэд болно. Учир нь Бразилын шигшээ багийн төвийн хамгаалагч Тиаго Сильва өмнөх тоглолтод шар карт хүртсэнээр дараагийн Германтай хийх чухал тулааныг өнжих дээрээ тулаад байна.

Мөн Бразилын багийн супер од Неймар гэмтэж, ДАШТ дуустал тоглохгүй болсон нь нутгийнхаа хөрсөн дээр аваргын цом өргөх хүсэлтэй бразилчуудыг цочирдуулсан юм.

 

Нэгэнт Неймар эргэн ирэх найдвар үлдээгүй тул Бразилын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийнхаа ахлагч Тиаго Сильвагийн торгуулийг хүчингүй болгуулах хүсэлтийг “ФИФА”-д тавьжээ. Хагас шигшээн хариуцлагатай тоглолтод Тиаго Сильва оролцохооргүй болсон нь Германы хүчирхэг довтолгоотой багт ашигтай зүйл болоод байсан юм.

 

Гэхдээ “ФИФА” эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй л байна. Бразилын хөлбөмбөгийн холбооны хүсэлтийг “ФИФА”-гийн ТУЗ харгалзаж үзээд “Материал, баримтыг нягталж байгаа” гэсэн хариу өгчээ.

 

 Т.Бат

 


Нүүр хуудас