Бразил, Герман шөвгийн дөрөвт учраа таарна

2014-07-05 11:50:58

- Бразил 2:1 Колумб -

 

ДАШТ-ий шөвгийн наймын эхний хоёр тоглолт өчигдөр шөнө явагдлаа. Эхний тулаан Бразил, Колумбын хооронд өрнөв. Өмнөд Америкийн шилдэг багуудын тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй, үзүүштэй боллоо. Колумбын шигшээ багийн од Хамес Родригез тэргүүтэй тоглогчид Бразилын хамгаалалтыг үе үе шалгаж байсан ч Тиаго Сильва, Давид Луйз нарын хамгаалалт ярилтгүй сайн байлаа.

 

Харин ч энэ хоёрын гоол Бразилыг дараагийн шатанд үлдээсэн юм. Ердөө 7 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг хамгаалагч Тиаго Сильва гоол болгов. Түүнийг Колумбын хамгаалагчид анзааралгүй ганцааранг нь үлдээсэн байсныг мань эр овжин ашиглаж өөрт олдсон боломжоо гоол болгосон юм.

 

Гэхдээ Колумб, Бразилын тоглолт эн тэнцүү өрнөсөн. Эхний үед Бразилчууд нэг гоолын зөрүүгээр тэргүүлж дуусгасан ч Колумб хэд хэдэн боломжит довтолгоог амжилттай хийлээ. Гэхдээ тэдэнд гоол л дутуу байсан юм.

 

Хоёрдугаар үе эхлээд 69 дэх минутад Бразилын багийн хамгаалагч Давид Луйз 30 орчим метрээс гайхалтай чөлөөт цохилт гүйцэтгэж тооны харьцааг 2:0 болгон холдуулав. Энэ цохилт цэнгэлдэхэд цугласан нутаг нэгт фэнүүдийг асар их баярлуулсан нь тодорхой.

 

Харин Бразилчуудыг гомдоосон үйл явдал нь Колумбын багийн хамгаалагч Бразил довтлогч Неймарыг бэртээж, түүнийг тоглолтоос гаргав. Тоглолтын дараа эмч нарын баг түүнийг ДАШТ дуустал талбайд гарахгүй гэсэн гунигт мэдээг тараасан юм.

 

Тоглолтын төгсгөл хавьд буюу 80 дахь минутад Колумбын багийн од Хамес Родригес 11 метрийн торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:1 болгож ойртуулсан ч үр дүнд нөлөөлж чадсангүй.

 

 

 

 

 

- Герман 1:0 Франц -

 

Шөвгийн наймын дараагийн тоглолт Герман, Францын хооронд өрнөсөн. “Гурван өнгөтнүүд” “Герман машинууд”-ын эсрэг дажгүй үзүүлэлттэй ч өнгөрсөн түүх хөлбөмбөгийн яг одоогийн тулаанд хамааралтай байдаггүй. Германы шигшээ баг энэ ДАШТ-д тун цэгцтэй оролцож байна. Тэдний тоглолт боломжит хувилбарт шилжих бүрт гоол болж буй учир Францууд хамгаалалтдаа алдаа гаргах эрхгүй байв. Үе үе хүчирхэг довтолгоо өрнүүлж байсан Германы багийн эсрэг Францууд ч мөчөөгөө өгсөнгүй. Хоёр баг харилцан довтолсоор энэ тоглолтын цорын ганц гоолыг Боруссия Дортмунд багийн хамгаалагч Матс Хамелс мөргөж орууллаа. Тэрбээр 13 дахь минутад багийнхаа хожлын гоолыг оруулсан юм. Дэлхийн шилдэг хоёр багийн тоглолт олон гоолтой өрнөхгүй нь тодорхой байв. Тиймдээ ч Герман, Франц аль аль нь тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлөх гоолын оролдлого бүрдүүлж чадахгүй байсаар үндсэн цаг өндөрлөсөн юм. Ийнхүү 1998 оны дэлхийн аварга Францын баг нутгийн зүг гэртээ харьсан бол ДАШТ-ий хамгийн олон медальтай Германы залуус Бразил дахь аяллаа үргэлжлүүлэхээр боллоо. Тэд дараагийн шатанд энэ тэмцээний гол фаворит, эзэн орон Бразилын шигшээ багтай хүч үзэх юм.

 

Т.Батсугар

 

 

 


Нүүр хуудас