Нүдэндээ нулимстай Неймар дэлхийн аваргыг орхилоо

2014-07-05 10:41:28

 

Бразилын шигшээ баг өчигдөр Колумбын багийг 2:1-ээр буулган авч хагас шигшээд шалгарсан ч тэдний гол тоглогч Неймар бэртэл авч, цаашид тоглох боломжгүйд хүрлээ.  Одоо 22 настай Бразилын супер од өвдгөндөө хүнд бэртэл авсан тул үлдсэн тоглолтуудад оролцохгүй болсон тухай дэлхийн хэвлэлүүд бичив.

 

Неймар тоглолтын дундуур бэртэл авч талбайг чөлөөлсөн бөгөөд түүнийг шууд эмнэлэгт хүргэжээ. Форталезагийн эмнэлгийн баг түүний өвдөгний бэртэл тун ярвигтай тул эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй гэсэн байна. Гунигт мэдээ сонссон Неймар нулимс унагаж сэтгэл зүйн гүн шоконд оржээ.

 

Бразилын багийн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари “Неймарт одоо маш хүнд байна. Тэр үлдсэн тоглолтуудыг өнжих нь тодорхой болсон” гэжээ.

 

Тэгвэл багийн эмч Родриго Ласмар Бразилын “Спорт ТВ”-д “Харамсалтай нь түүний хувьд дэлхийн аварга дууссан. Неймарт маш их бүр маш их хэцүү байна” хэмээн ярьсан байна.

 

Неймар ДАШТ эхэлснээс хойш шигшээ багаа шөвгийн дөрөвт хүрэхэд онцгой гавъяа байгуулсан бөгөөд дөрвөн гоолтой мэргэн буучдын жагсаалтад бичигдэж байсан юм.

 

Т.Бат

 

 


Нүүр хуудас