Америк шүүгч Марк Гиегер түүх бүтээв

2014-07-02 11:14:00

Хөлбөмбөгийн ертөнцөд америкчуудын оролцоо тун бага. Гэхдээ тэд ХХ зууны сүүлчээс эхлэн буурал Европын нэрийн хуудас болсон энэхүү спортод хорхойсох болжээ. Үүний жишээ бол хэдхэн хоногийн өмнө Бразил 2014 ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолтыг шүүсэн шүүгч Марк Гиегер юм. Тэрбээр түүх бүтээж, улсынхаа түүхэнд анх удаа ДАШТ-ий шөвгийн 16-д талбайн ахлах шүүгчээр ажилласан явдал байлаа.

Марк Гиегер урьд нь математикийн багш байсан бөгөөд Нью Жерси мужийн энгийн л төрийн алба хаагч байв. Одоо 39 настай тэрбээр Франц – Нигерийн тоглолтыг шүүх бүрэлдэхүүнийг ахлах хүндтэй үүргийг “ФИФА”-аас хүлээжээ. Тэр үүнээс өмнө нь Испани – Чили (0:2), Колумб – Грек (3:0) зэрэг хэсгийн шатны тоглолтыг шүүсэн юм. Урьд нь америк шүүгчид зөвхөн хэсгийн тоглолтуудад шүүх эрхтэй байсан бол Марк Гиегер зэрэглэл ахиж анх удаа шөвгийн 16-ийн тавцанд шүүгчээр ажиллаж улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд нэгэн сонирхолтой амжилтын эзэн болж байна.

 

 Марк олон улсын карьераа 2011 оноос эхлүүлсэн бөгөөд 20 нас хүртлэх хөлбөмбөгийн ДАШТ-д шүүгчээр ажиллаж, тун амжилттай байсан юм. Мөн тэрбээр 2011 онд АНУ-ын Үндэсний лигийн шилдэг шүүгчээр нэрлэгдсэн удаатай.

 

Т.Бат

 


Нүүр хуудас