Шөвгийн 8-д Аргентин Бельгийн шигшээ шалгарлаа

2014-07-02 07:08:13

Шөвгийн 16-ын сүүлийн хоёр тоглолт хоёул маш сонирхолтой болж өнгөрлөө. Аргентинчууд Швейцарийн шигшээ багуудын тоглолтод мэргэжилтнүүд аргентиныг илүүрхэнэ гэж таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0-0-ээр дууссан. Улмаар цаг сунгаж тоглоход Лионел Месси нэмэлт цагийн эцсийн мөчид буюу 118 дахь минутад Анхел Ди Мариад хожлын гоолын дамжуулалтыг өгсөн. Ингэснээр Аргентинчууд Швейцарийн шигшээтэй 120 минутын турш хүнд хэцүү тоглолт хийсний дараа 1-0-ээр хожсон.

 

Хоёр дахь тоглолт буюу Монголын цагаар шөнийн 04:00 цагт Бельги болон АНУ-ын шигшээ багуудын “тулаан” бүр сонирхолтой боллоо. Тоглолтын туршид Бельги илт илүүрхэж байсан ч гоол оруулж чадалгүй байсаар үндсэн цагийг дуусгасан. Улмаар дахиад л нэмэлт 30 минут сунгаж тоглуулахад Бельгийн “Улаан чөтгөр”-үүд өрсөлдөгчөө 2-1-ээр буулган авлаа. Ингэснээр шөвгийн наймд Аргентин болон Бельгийн шигшээн гал гарсан тулааны фанатууд хүлээхээр болж байна.

 

Түүнчлэн шөвгийн 16-ийн нийт найман тоглолтоос тав нь цаг сунгаж тоглолоо. Шөвгийн 16-ийн тоглолтуудын дараах байдлаар нийт 154 гоол орсон байгаа нь бас нэгэн өвөрмөц амжилт болж байна. ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол 1998 онд Францад 174 гоол орсон байдаг. Энэ удаагийн ДАШТ цаашдаа Францын дээд амжилтыг эвдэх боломж байна. Шөвгийн наймын эхний тоглолт хоёр хоногийн дараа буюу долоодугаар сарын 4-нөөс эхэлнэ.

 

- Аргентины хангалтгүй тоглолт -

 

Лионел Месси тэргүүтэй Аргентины супер багаас хөгжөөн дэмжигчид их зүйл хүлээж байсан ч өнөөдрийн тоглолтод үнэндээ Швейцарийн хамгаалалтын өмнө “өвдөг сөхрөв”. Үндсэн болон нэмэлт цагийн туршид Швейцарийн хамгаалалт үнэхээр найдвартай байсан юм. Түүнчлэн Аргентины довтолгоо ч төдийлөн сайнгүй байлаа. Гэхдээ тоглолтын туршид Лионел Месси болон Анхел Ди Мариа нар бусдаасаа илүү байсан юм. Ялангуяа нэмэлт цагийн 30 минут эхлэхэд Анхел Ди Мариагийн гүйлтийн тэсвэр гайхалтай байлаа. Улмаар 118 дахь минутад Лионел Мессигийн дамжуулалтыг “чулуу” болгосноор багтаа хожил авчирсан. Аргентины шигшээ баг тийм ч хангалттай байж чадаагүй. Гэхдээ Лионел Месси болон Анхел Ди Мариа нарын шилдгүүд багаа чирэн байж, шөвгийн найм руу хөтөлсөн юм. 


Нүүр хуудас