Герман Алжирыг ядарч байж хожлоо

2014-07-01 06:59:53

 

Герман 2:1 Алжир

 

Шөвгийн наймд тавтай морил Герман машинуудаа. Хэсгээсээ торолгүй шалгарч, шөвгийн 16-д Оросыг хожсон Алжирын “Цөлийн үнэгнүүд”-тэй таараад байсан Герман машинууд багагүй хичээл зүтгэлийн дараа шөвгийн наймд хөл тавилаа.

 

Тэд Алжирыг дутуу үнэлж болохгүй гэдгийг бүтэн 90 минутын турш хуурай тэнцэж явсан тоглолтын дундаас ойлгосон биз ээ. Германд энэ өдөр бүхий л одод нь, шилдэг дасгалжуулагч, фэнүүд, тоглолтын арга барил, хурд хүч гээд байхгүй юм байгаагүй. Харин энэ бүхний эсрэг зогссон Алжирт маш сайн тактик байлаа. Тэд Германы багийн эсрэг зургаан хамгаалагчтай байрласан хамгаалалт үзүүлж, сөрөг довтолгоонд дөрвөн хагас хамгаалагчаар шилжилт хийж тоглосон юм. Үүний эсрэг Германчууд бүтэн 90 минутын турш гоолдож чадаагүй бөгөөд хаалга руу нийт 29 удаа цохисон “тасархай” үзүүлэлт харагдав.

 

Эхний 10 минутад Алжир ёстой алмайруулсан. Тэд Германы шигшээ багийн эсрэг хоёр гурван хүчтэй довтолгоо өрнүүлж, хаалгач Нойерыг хүнд байдалд оруулсан ч хараахан гоолдоогүй. Германчууд эхний үеийн 30 дахь минут хүртэл тоглолтоо олохгүй, дамжуулалт хайсан, “сонин” тоглолтыг үзүүлж байлаа. Тэд өөрсдийн тактикийн дагуу тоглосон ч Алжирын баг эхний үед үнэхээр итгэмээргүй байж чадсан.

 

Хоёрдугаар үед нөхцөл байдлыг өөрчлөхөөр Йохан Лёов хэд хэдэн байрлалын өөрчлөлт хийжээ. Тэрбээр Гётце, Өзил нараар довтолгоо дэмжүүлж, Бастиан Шванштайгер, Тони Кроос нарыг тулгуурын хагас хамгаалалтын байрлалд тоглуулав. Улмаар Мюллерыг арагш хагас хамгаалалтын бүс рүү орж ирэхийг сануулсан байна.

 

Хоёрдугаар үед Германы шигшээ баг ээлж дараалан аюултай довтолгоо өрнүүлж байсан ч Алжирын хана мэт хамгаалалтыг үнэндээ давж гараагүй.

 

Бас энэ өдөр Алжирын шигшээ багийн хаалгач 23 дугаартай Райс хэмээх залууг магтахгүй байхын аргагүй байлаа. Тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Өзил, Кроос, Швайнштайгер, Хедира зэрэг тамирчдын сум шиг цохилт, ойлгомжгүй дамжуулалт бүрийг таслаж хаалгаа хуурай манаж байв. Тэр энэ ДАШТ-д “цоороод” буй хаалгачдыг гайгуулсан гавъяагаараа тэргүүлж буй болов уу.

 

Үндсэн цагт яаж ч чадаагүй Герман нэмэлт 30 минутын эхний хоёр дахь минутад гоолдох нь тэр. Энэ удаа Челсигийн шилдэг залуусын нэг Андрей Шурлье шигшээ багаа болон фэнүүдээ баярлуулан эхний бөмбөгийг оруулав. Түүний бөмбөгөнд гол буруутан нь Алжирын ядарсан хамгаалагчид байв. Ийнхүү Германчууд нэмэлт 30 минутыг бүхэлд нь гартаа авч тоглосон гэхэд болно. “Машинууд” Шурльегийн гоолоос хойш илт сэргэж, Мэсүт Өзил шүүгчийн мэдлийн цаг дуусахаас дөрвөн минутын өмнө гоолджээ. Харин Алжир хэтэрхий оройтсон гоолоор фэнүүддээ бэлэг барьсан. Тэд бөмбөгийг дундын шугамнаас оруулах үед шүүгч энэ тоглолтын эцсийн шүглийг үлээв. Алжир гавъяатай хожигдсон. Тэд хүчирхэг Германыг барьца алдуулан сандаргаж золтой ДАШТ-ээс мулталчихсангүй.

 

 

 

Франц 2:0 Нигери


Пол Погба шигшээ багийнхаа өмнөөс гайхалтай гоол хийж, Нигерийн тамирчин Ёобо хаалгандаа авто гоол оруулснаар Францын шигшээ баг өрсөлдөгч Нигерийг 2:0-ээо буулган авлаа. Францын шигшээ баг Нигеритэй мөн л эн тэнцүү тоглолт үзүүлсэн бөгөөд хар тивийн төлөөллүүд хялбар өрсөлдөгч биш гэдгээ харуулж Францтай өгөө аваатай тоглосон. Гэвч тэдэнд гоолдох заяа дутсан бололтой.

 

Нигерийг хожиж шөвгийн 8-д шалгарсан Францын баг хүчирхэг Германы шигшээтэй “Хэн нь дөрөвт багтах вэ” гэх асуултад хариулах сонирхолтой тулааныг хийх юм.

 

Юутай ч Францын баг 2010 оны хар дурсамжаа үгүй хийж тун тогтвортой тоглолт үзүүлсээр ДАШТ-ий аяллаа цааш үргэлжлүүлж байна. Одоо л Дидье Дешамын авч ирсэн Франц залуус Бразилд яах гэж ирснээ харуулах жинхэнэ сорилго тулаан болно.

 

Т.Батсугар

 

 

 


Нүүр хуудас