Голланд хожсон, гэхдээ Гэулэрмо Очоа илүү байлаа

2014-06-30 09:32:48

Голланд 2:1 Мексик

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн ээлжит тоглолтууд Голланд – Мексик, Коста Рика – Грекийн багуудын хооронд өрнөлөө. Голландын баг хэсгээсээ сүр дуулиантайгаар гарч ирсэн бөгөөд тэдний өрсөлдөгч Мексик ч хэсгээсээ хялбар шалгараагүй.

 

Тиймдээ ч хоёр багийн тулаан энэ шатны хамгийн үзүүштэй тоглолтуудын нэг байсан юм. Хамгаалалт тааруу ч довтолгооны шугам нь өнөөг хүртэл “нисдэг” голландуудын цор ганц давуу тал байж ирсэн.

 

Харин Мексикийн багийн хувьд довтолгоо хамгаалалт, аль аль нь жигд давгүй “мораль”-тай баг хэмээн мэргэжилтнүүдэд үнэлэгдэж байв. Тэр дундаа Мексикийн шигшээ багийн хаалгач Гуэлэрмо Очоа хэсгийн шатны тоглолтуудад багаа олон арван удаа аварч чадсан.

Эстадио Кастело цэнгэлдэхэд явагдсан Голланд – Мексикийн тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүү тулааныг үзүүлэх нь тодорхой байв. Голландууд урд талын шугамдаа Робин Ван Перси, Дирк Кюьт, Арьен Роббен зэрэг шилдгүүдээ сойсон бол Мексикт Живони Дос Сантос , Херрера нараар багаа чимжээ.

 

“А” хэсгээс хоёрдугаар байраар гарч ирсэн Мексик тоглолтын 48 дахь минутад Живони Дос Сантосын гоолоор тэргүүлж эхлэв. Энэ довтолгоо Голландын шигшээ багийн хамгаалалтыг тийм ч сайн бус гэдгийг илтгэсэн төдийгүй тэдний дундын шугамд хүчний тоглолт үгүйлэгдэж байгааг илтгэсэн.

 

Гэхдээ Голландууд Испанийг мулталж, шуугиан тарьсан нь энгийн зүйл байгаагүй гэдгийг харуулахын тулд хоёрдугаар үед ширүүн довтолгоо өрнүүлсээр байв. Голландууд эсрэг багийн хамгаалалтыг үе үе шалгаж, аюултай довтолгоог олон арван удаа хийсэн ч Мексикийн хаалгач Очоагийн хаалтууд энэ тоглолтыг үзэж байсан хөлбөмбөг сонирхогчдыг гайхшруулсаар байлаа.

 

Голландууд нэг гоолын зөрүүтэй хожигдож явсаар эцсийн мөчид эргэн ирэлт хийсэн гэхэд болно. Цагтаа шигшээ багийнхаа гол ноён нуруу явсан Вэсли Снайдер 88 дахь минутад гайхалтай гоол оруулж “Улбар шарууд”-ыг нулимстай хожигдлоос аврах нь тэр. Робин Ван Перси сууж, Клаас Ян Хунтелаар орж ирсэн тул Голландууд Снайдерын гоол хүртэл итгэл найдвар тун бага байсан.

Ингээд нэгэнт тэнцүүлээд авсан Голландын баг ердөө хэдхэн минутын дараа буюу 90+ минутад 11 метрийн торгуулийн цохилт хийх эрхтэй боллоо. Бүтэн 90 гаруй минут хожигдож явсан Голландын шигшээ 10 хүрэхгүй минутын дотор тоглолтын хувь заяаг эргүүлсэн нь гайхалтай явдал байсан юм. Сэлгээгээр гарч ирсэн Клаас Ян Хунтелаар пенальтиа алдалгүй гоол болгосноор “Нисдэг” Голландууд шөвгийн 8-нд шалгарч чадлаа. Энэ өдөр Голланд хожсон ч Гуэлэрмо Очоа илүү байлаа.

 

Коста Рикагийн гайхамшиг үргэлжилсээр

Грек 1:1 Коста Рика (5:3 p)

 

Бразил 2014 ДАШТ-ий шилдэг 8-н багт нэрлэгдэхийн төлөөх өөр нэгэн тулаан Коста Рика – Грекийн хооронд өрнөлөө. Грекчүүд 2004 онд ЕАШТ-нд түрүүлснээс хойш олон улсын тэмцээнд амжилт гаргаагүй байсан бол Коста Рикачууд шинэ цагийнхаа гайхалтай түүхийг бүтээж явна. Тэд ДАШТ-ий хэсгийн тоглолтдоо хэний ч тооцоолоогүй амжилтыг үзүүлж Итали, Английн шилдгүүдийг гэрт нь буцаасан юм.

 

Тиймдээ ч шөвгийн 16-д орж ирсэн Коста Рика хялбар өрсөлдөгч биш байсан. Тэдний эсрэг тоглосон Грекийн баг нуруулаг, туршлагатай, тамирчдын хувд амжилт гаргах боломжтой  үедээ яваа.

Тоглолт эхэлсэн мөчөөс Коста Рикагийн жигүүрийн довтолгоо, дундын шугамын дарангуйлал Грекийн тамирчдыг хүнд байдалд оруулж байв. Ийнхүү Коста Рикагийн шигшээ багийн Руйз 52 дахь минутад эхний гоолыг орууллаа. Харин грекчүүд нуруулаг тоглолтынхоо хүчээр тоглолтын эцсийн мөч хүртэл тэмцсээр 90 дэх минутад гоолдож чадсан юм. Энэ эргэн ирэлт нь грекчүүдийг сэргээж, Коста Рикаг хүнд байдалд орууллаа.

 

Нэмэлт цаг сунгасан ч гоол оролгүй байсаар торгуулийн цохилтоор ялагчийг шийдэх болов. Ийнхүү Коста Рика 5:3-ээр Грекийг буулган авч шөвгийн 8-д орж ирлээ. Коста Рикагийн хөлбөмбөгийн гайхамшиг үргэлжилсээр.

 

Т.Батсугар

 


Нүүр хуудас