Шилдэг наймд тавтай морил Бразил, Колумб

2014-06-29 11:08:44

Харих уу, үлдэх үү “пенальт”

 

Дэлхийн аваргын шилдэг 16 багийн эхний 2 тоглолт болж өндөрлөлөө. Эхний тоглолт нь талбайн эзэн Бразил болон Чилийн шигшээ багийн хооронд болсон юм. Тоглолт тун ширүүн хэмнэл дор эхлэв. Улмаар дэлхий даяар үзэж буй зуу зуун сая хүнийг тийм ч удаан хүлээлгэлгүй 16 дахь минутад шар хувцастай тоглогч хаалганы торыг хөдөлгөсөн юм. Тэр нь Бразилийн шигшээ багийн хамгаалагч Давид Луис байлаа. Челси клубээс Франц руу зарагдаад буй дэлхийн “том” хамгаалагчдын нэг болохоо сүүлийн хэдэн жил батлаад буй тэрбээр Дэлхийн аваргын анхны гоолоо оруулсан нь энэ юм.

 

 

Булангаас ирсэн цохилтыг багийн ахлагч Тиаго Сильва мөргөсөн, харин дутсан бөмбөгийг Луис нэмж гоолдсон. Тоглолтын харьцаа 1:0. Бразилийн тэргүүлэл ингэж эхэлсэн юм. Гэхдээ 32 дахь минутад энэ тэргүүлэл зогссон. Улаан өмсгөлтэй талбайд гарсан 11 тоглогчдийн хамгийн алдартай нь буюу Испанийн алдарт Барселона клубын довтлогч Алексис Санчез тэнцээний гоолыг Хулио Сэзарын хаалганд оруулсан юм.

 

Үүнээс цааш тоглолтын үндсэн болон нэмэлт цагт гоол орсонгүй. Тиймээс торгуулийн цохилт хоёр багийн гэртээ харих уу, тэмцээнээ үргэлжлүүлэх үү гэх асуудлыг шийдэхээр боллоо.

 

Торгуулийн цохилт:

 

Бразил: Давид Луис (Амжилттай) Бразил 1:0 Чили

Чили:Маурисио Пинилла (Амжилтгүй. Хаалгач хаасан) Бразил 1:0 Чили

Бразил: Уиллиан (Амжилтгүй. Хаалганы гадуур) Бразил 1:0 Чили

Чили: Алексис Санчес (Амжилтгүй. Хаалгач хаасан) Бразил 1:0

Бразил: Марсело (Амжилттай) Бразил 2:0 Чили

Чили: Чарлес Арангуис (Амжилттай) Бразил 2:1 Чили

Бразил: Халк (Амжилтгүй. Хаалгачийг оносон) Бразил 2:1 Чили

Чили: Марсело Диас (Амжилттай) Бразил 2:2 Чили

Бразил: Неймар (Амжилттай) Бразил 3:2 Чили

Чили: Гонсало Хара (Амжилтгүй. Шон оносон) Бразил 3:2 Чили

Ингэж дууссанаар шөвгийн наймд тоглох эрхээ зохион байгуулагч Бразилийн шигшээ хамгийн түрүүнд авсан юм.

 

 

 

Хамес, Хамес, Хамес... Родригэс

 

Гайхалтай тоглолтын дараа Суарезгүй Уругвайн эсрэг Фалкаогүй Колумбын шигшээ баг шилдэг наймын төлөө тоглохоор талбайд гарсан юм. Аль аль баг маш их довтолгоныг гүйцэтгэж байв. Гэхдээ төгсгөлийг Колумбчууд хамгийн сайн хийсэн юм.

 

Тоглолтын гол баатраар бүх хүмүүс дуу нэгтэйгээр Колумб болон Монако клубын довтлогч Хамэс Родригэсийг нэрлэв. 22 настай довтлогч маань энэ тоглолтоос өмнө 3 гоолыг оруулан дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтад бичигдэж байсан. Гэтэл энэ тоглолтод нэмж хоёр гоолыг Уругвайн хаалганд хийж 5 гоолтойгоор мэргэн буудын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Гэхдээ мэргэн бууч болохоос мянга дахин илүү гавъяатай зүйл хийсэн нь түүний оруулсан хоёр гоол Уругвайн шигшээ багт гэртээ харих тасалбарыг нь өгөөд зогсохгүй, Колумбын шигшээ багийг шилдэг наймд хөтлөн оруулаа. Тоглолт 2:0-ээр дууссан.

 

Ингэснээр шилдэг наймд үлдсэн эхний хоёр баг нь Бразил болон Колумбын шигшээ баг болов.

 

 

 

С.Санчир

 

 


Нүүр хуудас