Португал, Гана, Орос, Өмнөд Солонгос баяртай

2014-06-27 07:18:57

ДАШТ-ий хэсгийн хамгийн сүүлчийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Хамгийн эхэнд G хэсгийн дөрвөн “асуудал”-аа шийдсэн. Энэ сүүлийн эцсийн тулааныг Португал Ганатай, Америк Германтай хийснээр эцэс болох ёстой байлаа.

 

АНУ-ын баг Германтай хийсэн хүнд хэцүү тоглолтын дараа гэртээ харилгүй, үргэлжлүүлэн ДАШТ-д тоглох эрхээ авч үлдлээ. Тэд энэ тоглолтод хожигдсон ч гэлээ хэсгийн хоёрдугаар байраар шалгарч чадав.

 

Герман 1:0 АНУ

 

Тоглолтын эхнээс немцүүд нэг л учраа олохгүй байгаа мэт харагдана. Одоогийн АНУ-ын багийн дасгалжуулагч Юргэн Клинссман өмнө нь Германы шигшээ багийн дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан. Тиймээс ч Иохан Лёвийн багийг хэнээс ч дуталгүй мэддэг нэгэн юм.

 

АНУ-ын шигшээ баг Юргэн Клинссманы удирдлагад багтсанаас хойш цэл залуухан тоглогчдоор эгнээгээ тэлж, хурдан довтолгоо цэгцтэй дамжуулалт ойлгомжтой довтолгооны хувилбараар гангарах болсон. Энэ ч үүднээс Германтай хийсэн тоглолтод хялбархан бууж өгөхгүй нь илт байв. Тэд Германчуудад хэсгийн хамгийн хатуу өрсөлдөгч болж чадсан.

 

 

Тоглолтын эхний үед гоол орсонгүй. Америкчууд Клинт Дэмпсид хэд хэдэн гоёмсог дамжуулалт хүргэж өгсөн ч мань эр довтолгооны шугамд аргагүй хүч дутаж байв. Түүнийг Мертесакер, Матт Хюмелс зэрэг төвийн хамгаалагчид хялбархан зогсоож байлаа.

 

Гэтэл хоёрдугаар үеийн 55 дахь минутад Германы баг сөрөг довтолгоогоор тооны харьцааг нээж орхив. Өнөөх Томас Мюллерын цохилт хаалганы торыг хөдөлгөж, немцүүд тэргүүлж эхэллээ. Хэрэв нөгөө талд Португал Ганын шигшээ багийг дор хаяж дөрвөн гоолын зөрүүтэй хожвол АНУ хэсгээсээ мултрах ч аюултай байсан юм. Гэсэн ч Юргэн Клинссманы баг Мануэль Нойерын хаалгыг гоолоор мялааж чадахгүй л байлаа. Тоглолт энэ хэвээр дуусч Герман хэсгээсээ нэгдүгээр байраар гарах нь тодорхой болсон юм.

 

Португал 2:1 Гана

 

Харин нөгөө талд Португал, Гана хоёрын тулаан ид өрнөсөөр байв. Хэрэв Португал энэ тоглолтод 4 гоолоор тэргүүлж чадвал бөмбөгний зөрүүгээр АНУ-аас илүү гарч ДАШТ-ээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Мэдээж АНУ хожигдох ёстой.

 

Уг нь Португалын хувьд даалгавар амжилттай биелж байсан. Мюллер Португалын багт тусалж АНУ-ын хаалганд гоолдоод байв.

 

Гэтэл Португал зөвхөн өөрсдөөс шалтгаалах ажлаа гүйцэд хийж чадсангүй. Уг нь эхний үеийн 31 дэх минутад Португал гоолдож, тэргүүлж чадсан ч Ганын баг 58 дахь минутад Асамоагийн гоолоор тэнцүүлж дөнгөв. Ингээд Португал дахиад дөрвөн гоол хийх ёстой болов.

 

 

Тэд шуургалсан довтолгоо өрнүүлээгүй ч Роналдо тэргүүллийн гоолыг хийж чадав. Харамсалтай нь үүнээс цааш Паоло Бентогийн баг нэмж бөмбөг оруулж чадалгүй байсаар цаг дуусгалаа.

 

Ингэснээр энэ хэсгээс Герман итгэл төгс нэгээр гарсан бол сүүлийн тоглолтдоо хожигдсон ч бөмбөгний зөрүүгээр АНУ хоёрдугаар байраар гарлаа. Тэгвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг багтаасан Португал, хар тивийн төлөөлөл Гана нар гэртээ харихаар боллоо.

 

“Н” хэсэг: Бельги, Алжир шалгарлаа

 

Энэ хэсгийн хамгийн сүүлчийн тоглолтууд Бельги – Өмнөд Солонгос, Алжир – Орос гэсэн багийн хооронд боллоо. Оддыг цуглуулж, нэлээд итгэл найдвар хүлээн Бразилд зодоглож буй Бельги дэмжигчдийнхээ итгэлийг хөсөрдүүлээгүй бол Алжир түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн 16-д хөл тавьж байна.

 

 

 

Бельги 1:0 БНСУ

 

Манай Азийн төлөөлөл БНСУ энэ ДАШТ-д тааруухан оролцлоо. Тэд Оростой тэнцэж, Алжирт ялагдсан бол ийнхүү Бельгид мөн хожигдов. Өнгөрсөн шөнө явагдсан Бельги – БНСУ-ын тулаанд Европын төлөөлөл илүүрхэж Ян Вертонгийн цор ганц гоолоор тоглолтын хувь заяа шийдэгдсэн байна.

 

Энэ хэсгийг Бельги 9 оноотой 100 хувийн амжилттай тэргүүлсэн бол араас нь Алжирын баг дөрвөн оноотой шалгарлаа. Харин манай хойд хөрш ОХУ 2, БНСУ 1 оноогоор тус тус гэртээ харихаар боллоо.

 

Бельгийн шигшээ баг шөвгийн 16-д АНУ-ын багтай тоглохоор болж байна.

 

 

ОХУ 1:1 Алжир

 

Алжирын баг хэсэгтээ шуугиан дэгдээгсдийн нэг мөн. Тэд БНСУ-г 4:2-г бут ниргэсэн бол Оростоы тэнцэж оноо хувааж чадав. Харин Бельгид хожигдсон. Гэсэн ч өчигдрийн тоглолтод хойд хөршийн тамирчидтай ана мана үзэлцсээр хэсэгтээ тэнцээ авч чадав. Үүнийхээ хүчинд Арабын төлөөлөл шөвгийн 16-д үлдэж байна. Тэд дараагийн шатанд шалгарах гавьяатай байсан юм.

 

Т.Батсугар

 


Нүүр хуудас