Бразил 2014 ДАШТ-ий тухай сонирхолтой баримтууд

2014-06-26 15:07:49

Бразилд зохиогдож буй ДАШТ-ий эргэн тойронд болон сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

 

Хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч

ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Фабио Каппело хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч. Тэрбээр $11,235,210 долларын орлоготой. Хэдийгээр ДАШТ-д оролцож буй багуудаас хамгийн их цалин хүртдэг дасгалжуулагч ч гэлээ түүний удирдсан ОХУ-ын баг тааруухан үзүүлэлттэй явна.

Тэд хэсгийн эхний тоглолтдоо Өмнөд Солонгостой тэнцсэн бол дараагийн учраандаа Бельгийн багт 1:0-ээр ялагдал хүлээсэн. Хэсэгтээ хоёр оноотой яваа Капеллогийн баг шөвгийн 16-д шалгарах нь тун ээдрээтэй байгаа.

 

Хамгийн үнэтэй тоглогч

Хамгийн үнэтэй тоглогч Лионель Месси. Аргентины шигшээ багийг Нигерийг 3:2-оор хожиход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Мессигийн үнийг зах зээлийн ханшаар тооцвол 13966 сая евро. Үүнийг монгол мөнгөөр хөрвүүлбэл 347 тэрбум 283 сая 289 мянга 940 төгрөг болох ажээ.

Бразилчууд хоёр дахь удаа ДАШТ зохиож буй тав дахь улс

Түүнчлэн Бразил улс эх орондоо хоёр дахь удаа ДАШТ зохион байгуулж буй тав дахь улсаар нэрлэгдэв. ДАШТ-ийг гэртээ хоёр удаа хүлээж авсан анхны улс бол Мексик юм. Тэд 1970, 1982 онуудад зохион байгуулсан. Дараа нь Итали 1934, 1990, Франц 1938, 1998, Герман 1974, 2006 онд тус бүр ДАШТ-ийг эх орондоо хийж байв.

Мөн ДАШТ 36 жилийн дараа анх удаа Өмнөд Америкт эргэн ирж байна. Хамгийн сүүлд Аргентин улс 1978 онд хүн төрөлхтний баяр цэнгэл болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан түүхтэй. Урьд нь Өмнөд Америкд 1930 онд Уругвай, Бразил 1950, Чили 1962 онд зохиож байжээ.

 

Гоол технологи

Энэ удаагийн ДАШТ-ий гол онцлог давуу талуудын нэг яах аргагүй Гоол технологи. Гоол технологийн хувьд одоогоор үр дүнгийн гүйцэтгэлээ 100 хувь биелүүлээд байгаа. Өмнөх ДАШТ-нд Германы хаалганд оруулсан Фрэнк Лампардын гоолыг тооцоогүйгээс ФИФА энэ тал дээр шаргуу ажилласан юм.

Онцлох дасгалжуулагч

Мексикийн шигшээ багийн дасгалжуулагч Мигуэль Херрера одоогоор энэ ДАШТ-ий онцлох дасгалжуулагчаар нэрлэгдээд байна.Түүний удирдсан баг Бразилтай тэнцэж, Хорват Камеруныг хожиж хэсгээсээ гарах нь тодорхой болсон юм. Тэд шөвгийн 16-д Голландын багтай учраа таарах билээ.

Онцлох баг: Коста Рика

Латин Америкийн шилдэг баг Коста Рика шуугиан тарьж чадсан. Тэд ДАШТ-ий хүрээнд хэсэгтээ Уругвайг 3:1, Италийг 1:0-ээр хожин Англитай тэнцэж чадсан юм. Коста Рикачууд гурван дэлхийн аваргатай нэг хэсэгт багтсан ч хоёрыг нь нутаг буцаагаад байна.

Бусад баримтууд

2010 оны ӨАБНУ-д болсон ДАШТ-эй харьцуулахад Бразилд гоол арвинтай байгаа. Тоглолт бүрт 2.9 гоол хаалганы тор хөдөлгөж байна. Өнгөрсөн 2010 оны ДАШТ-ээр нэг тоглолтод 2.3 гоол орж байжээ.

 

Мөн хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон Испани энэ ДАШТ-ий хамгийн шилдэг дамжуулалттай багаар нэрлэгджээ. Тэд нэг тоглолтод дунджаар 1703 дамжуулалт өгсөн байна.

 

Тэгвэл энэ ДАШТ-ий хамгийн шилдэг довтолгоотой багаар Зааны Ясан Эрэг нэрлэгджээ. Ойролцоогоор нэг тоглолтод 47 оролдлого хийснээрээ хар тивийн төлөөлөл  ийм амжилтад хүрсэн аж.

 

Одоогоор хамгийн олон гоолтой тоглолтоор Швейцарь 2:5 Францын тулаан нэрлэгдэв. Мөн онцлох гоол /Одоогоор/ Робин Ван Персигийн Испанийн хаалганд мөргөж оруулсан гоол багтжээ. Харин энэ ДАШТ-ий мэргэн бууч /Одоогоор/ Бразилын Нэймар 4 гоолтой бичигдэж байна.

 

 Т.Батсугар

 


Нүүр хуудас