Аргентин Швейцаритай, Франц Нигертэй шилдэг 16-д “тулна”

2014-06-26 06:12:43

Мэсситэй Мусса “барьцав”

 

Дэлхийн аваргын F хэсэгт багтсан дөрвөн багийн хоорондын хэсгийн сүүлийн тоглолтууд 00 цагт явагдаж өндөрлөсөн. Энэ хэсгээс Дэлхийн шилдэг тоглогч Мэссигээр ахлуулсан Аргентины шигшээ баг 6 оноотой болж хэсгээс гарах нь нэгэнт тодорхой болоод байсан юм. Харин хэсэгтээ тэдний сүүлийн өрсөлдөгч болж талбайд гарсан Нигерийн шигшээ баг нэг хожил, нэг тэнцээтэй буюу 4 оноог цуглуулаад байсан.

 

Тиймээс дээрх хоёр багийн аль хожсон нь хэсгээ тэргүүлэх боломжийг өвөртлөх ёстой байлаа. Уламжлал ёсоор цэнхэр цагаан судалт өмсгөлтэй Аргентин талбайд гарав. Харин тэдний өрсөлдөгч Нигерийн шигшээ баг ногоон өнгийн өмсгөлөөр жигдэрсэн. Тоглолт тун ширүүн хэмнэлд эхэллээ. Энэ ч үүднээсээ тоглолт эхлээд ердөө гурван минутыг зааж байхад дэлхийн шилдэг тоглогч Мэсси эхний гоолыг оруулан Нигерийн хамгаалж буй хаалганы торыг хөдөлгөсөн юм. Гэхдээ хэлээд гоолын моментийг жигүүрийн тоглогч Д Мариа үүсгэсэн гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Тодруулбал, тэрбээр 16-ийн гаднаас хүчтэй цохьсон бөгөөд ойсон бөмбөгийг Мэсси нэмж дэлхийн аваргын гурав дахь гоолоо нэр дээрээ бичүүлсэн юм.

 

 

Харин тэдний энэ тэргүүлэл маш богинохон настай байж. Яагаад гэвэл эхний гоолоос ердөө нэг минутын дараа буюу тоглолтын 4 дэх минутад Нигерийн жигүүр Ахмед Мусса Аргентины гол хамгаалагч Забалетаг тойруулан хаалганы зүүн талыг барьж хүчтэй цохьсоноор тооны харьцаа 1:1 болсон юм.

 

Гэхдээ энэ тэнцээ Аргентинд хэрэггүй гэдгийг нөгөө л Мэсси дахин харууллаа. Ур чадвараа гайхуулан 16-ийн гаднаас хаалттай цохилт хийн энэ тоглолтын хоёр дахь, дэлхийн аваргын дөрөв дэх гоолоо шигтгэн Аргентин дахин тэргүүлж эхэлсэн. Гэтэл Аргентины Мэсситэй Нигерийн Мусса барьцаж мөн адил дубл хийн тоог тэнцүүлсэн. Харамсалтай нь эцсийн үр дүн Аргентины талд гарсан юм. Рохо гэх залуу хүү хожлын гоолыг оруулсан.

 

 

Харин нөгөө талд дэлхийн аваргыг нэгэнт дуусгах нь тодорхой болоод байсан Босни Ази тивийн гурван удаагийн аварга Ираныг 3:1-ийн харьцаатай илт давуу хожсон. Онолын хувьд Ираны шигшээд хэсгээс гарах боломж байсан юм. Нигер хожигдсон үед тэд Босниг олон онооны зөрүүтэй хожсон бол 16-д үлдэх байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Ингэснээр энэ хэсгээс Аргентин тэргүүлж, Нигер хоёроор гарахаар болсон юм.      

 

 

Шакири хэт-трик хийв

 

Е хэсгийн сүүлийн хоёр тоглолт мөн  явагдаж дууслаа. Эцсийн дүнд энэ хэсгээс Франц болон Швейцарийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарах эрхээ авсан. Гурван өнгөтнүүд буюу Францын шигшээ багийн хувьд Эквадорын шигшээтэй хүч үзсэн. Харин энэ тоглолтоос бид гоол харсангүй. Тооны харьцаа 0:0. Хуурай тэнцээгээр өндөрлөхөд Франц хэсэгтээ 7 оноотой болов.

 

Харин нөгөө талд Швейцарийн шигшээ баг өрсөлдөгч Гондурасыг 3:0-ийн харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарах эрхээ олж авсан юм. Энэ тоглолтод нэг тоглогч жинхэнэ “тод” тоглолтыг үзүүлсэн. Тэр нь 6, 31, 71 дэх минутад гурван гоол хийсэн Шакири байв.

 

 

Ингэснээр Францын шигшээ баг хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд Африкийн төлөөлөл Нигерийн шигшээ багтай тулахаар боллоо. Харин хоёроор гарсан Швейцарийн шигээ Fхэсгийн тэргүүн баг Аргентины хүчирхэг шигшээн эсрэг талбайд гарах юм.

 

С.Санчир

 


Нүүр хуудас