Дэлхийн аваргуудаа баяртай: “С”, “D” хэсгийн тойм

2014-06-25 12:07:13

Бразилд зохиогдож буй ДАШТ-ий “D” хэсгийн тоглолт болж өндөрлөлөө. Маш их дуулиан, шуугиан дагуулсан энэ хэсгийн сүүлчийн тоглолт олон зүйлийг шийдлээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали гутамшигтайгаар ДАШТ-аа өндөрлүүлсэн бол үүний өмнөхөн Английн баг гэртээ харих болоод байв. Хэний ч таамаглаагүй үр дүн гарч, энэ хэсгийн хамгийн сул баг гэгдэж байсан Коста Рика 7 оноотойгоор шөвгийн 16-д шалгарлаа.

 

Коста Рикачуудаар хөгжөөн дэмжигчид нь бахархаж, тэдний үр дүнд сэтгэл хангалуун байгаа нь тодорхой.

 

Италийн шигшээ баг мултарч, Сураез Челиниг хазав. Итали 0:1 Уругвай

“D” хэсгийн эхний тоглолт Итали, Уругвайн багуудын хооронд боллоо. Хэрэв Итали хожсон тохиолдолд шөвгийн 16-д үлдэх болзлоо хангах байв. Тиймдээ ч энэ хоёр багийн тулаан ёстой л хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж, энэ ДАШТ-ий хэсгүүдийн тоглолтын хамгийн үзүүштэй нь болох нь анхнаасаа тодорхой байлаа.

Тоглолт эхэлсэн цагаас Италичууд илүүтэй довтолж, хаалга руу чиглэсэн цохилтууд хийж байв. Гэсэн ч Уругвайн багийн хамгаалагчид энэ өдөр ямар нэгэн өө сэв гаргасангүй. Тэд Италийн эсрэг илүүтэй байрласан хамгаалалттай тоглож, сөрөг довтолгоонд чиглэсэн тоглолт  үзүүлсэн.

 

Тоглолтын дараа хоёр багийн статистик үзүүлэлтийг харьцуулахад Итали 60 хувийн амжилттай тоглолт үзүүлсэн. Тэд бөмбөгийг илүү эзэмшиж, хаалга руу хамгийн олон удаа цохижээ. Гэхдээ энэ өдөр Уругвайн талд бүх асуудал шийдэгдсэн гэхэд болно. Тэд маш сайн хамгаалсны хүчинд дэлхийн дөрвөн удаагийн аваргуудын үхлийн довтолгоо бүрийг зогсоож чадсан. Ийнхүү хоёрдугаар үеэс Италийн довтолгоо бага зэрэг суларсан бөгөөд Уругвайн багийн довтлогчид хэд хэдэн удаа аюултой цохилт хийж амжв. Гэхдээ Буффон хаалгандаа гоол алдахгүй мэт сайн хаалт хийж байлаа.

 

Харин тоглолтын 81 дэх минутад Уругвайн шигшээ багийн тоглогч Диего Годин гайхалтай гоол хийж, нутаг нэгтнүүддээ баярлууллаа. Яг энэ үед Итали маш хүнд байдалд орж, дор хаяж хоёр гоол хийх ёстой болов. Гэвч Уругвай оруулсан гоолоо хамгаалж чадсанаар Бразилд зохигдож буй ДАШТ-ий 16-н шилдэг багаар нэрлэгдэж чадсан юм. Энэ тоглолтод өөр нэгэн онцгой үйл явдал болсон нь Уругвайн багийн довтлогч Луйс Суарез Италийн хамгаалагч Челинигийн мөрнөөс шүдний ором гартал хазав. Суарез урьд нь Аякс клубт тоглож байхдаа болон Челсигийн хамгаалагч Иванович нарын гарыг хазаж байсан хачирхалтай нэгэн юм. Түүнийг “ФИФА” хэрхэн торгох тухай мэдээлэл гараагүй байна.

 

Англичууд гоолгүй нутаг буцлаа. Англи 0:0 Коста Рика

Хэсгээсээ гарах болзлоо хангаад байсан Коста Рика нэгэнт нутаг буцах нь тодорхой болсон Английн багтай хэсгийн сүүлчийн тоглолтоо хийлээ. Англичууд энэ тоглолтод хожсон ч үр дүнд өөрчлөлт гарахгүй тул сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд илгээжээ. Рой Хожсоноо баг энэ ДАШТ-д тун итгэлгүй тоглолт үзүүлсэн юм.

Харин Коста Рика тун одтой байж хэний ч тооцоолоогүй үр дүнгийн эзэд боллоо. Тэд эхний тоглолтдоо Уругвайг 3:1-ээр хожсон бөгөөд Италийг мөн буулган авснаар зургаан оноотой болоод байв. Харин хэсгийн шатны эцсийн тулаанаа “Гурван Арслангууд”-тай хийж 0:0-ээр гоолгүй тэнцсэнээр 7 оноотой болж, ДАШТ-ээ цааш үргэлжлүүлнэ.

 

Ээлжит дуулиан: “С” хэсгээс Колумб, Грек гарна

ДАШТ эхлэхээс өмнө мэргэжилтнүүд болон хөлбөмбөг сонирхогчид “D”, “C” хэсгээс Англи, Итали, Япон, ЗЯЭ гарах болов уу гэж таамаглаж байлаа. Гэтэл бүх зүйл эсрэгээр болж Англи, Итали шившигтэйгээр гэрийн зүг буцсан бол “C” хэсгээс мөн л оддын цуглуулга Зааны Ясан Эрэг гарч чадсангүй. Япон ч мөн адил хэсгийнхээ хомоолыг хамлаа.

Энэ хэсгийн сүүлийн тоглолт Япон, Колумбын талд өрнөж Өмнөд Америкийн төлөөллүүд 4:1-ээр бут ниргэв. Япончууд юу ч хийж чадахгүй байсаар Колумбын багийг хэсгээсээ алдаж байна.

Тоглолтын эхнээс Япончууд довтолгоо өрнүүлсээр 45 дахь минутад Оказаки гоолдож, тун итгэлтэй эхлүүлэв. Үүнээс өмнө Колумб 17 дахь минутад гоолдсон байсан. Гэвч хоёрдугаар үед Японы хувьд хар дарсан зүүд боллоо.  Жэксон Мартинез 55, 82 дахь минутад гоолдсон бол Жэймс Родригес 90 дэх минутад Японы эцсийн боломжийг үгүй хийсэн гоолыг оруулсан юм.

 

Ийнхүү энэ хэсгээс Колумб 100 хувийн амжилттай буюу 9 оноотой гарч, тэдний араас Зааны Ясан эргийг 2:1-ээр буулган авсан Грекийн шигшээ баг 4 оноотой гарч одлоо. Уг нь Зааны Ясан Эрэгт урьд урьдны ДАШТ-үүдээс илүү боломж байсан. Тэд Грекийг хожсон тохиолдолд шөвгийн 16-ын үүд хаалга нээлттэй байлаа.

 

Грекчүүд Зааны Ясан Эргийг 2:1-ээр хожсоноор шөвгийн 16-д орлоо.

 

Т.Батсугар


Нүүр хуудас