Хөлбөмбөгийн дүрэм хэрхэн өөрчлөгдөж ирэв

2014-06-25 10:42:40

Одоогоос 150 жилийн өмнө буюу 1863 оны арванхоёрдугаар сарын 7-нд Английн хөлбөмбөгийн холбоо, Кембрижийн их сургуультай хамтран хөлбөмбөгийн анхны дүрмийг зохиожээ. Харин орчин үеийн хөлбөмбөгийн тэмцээн уралдаан Хөлбөмбөгийн холбоодын олон улсын зөвлөл (IFAB)-ийн баталсан дүрмийн дагуу явагддаг аж. Ингээд дэлхийн хамгийн том спортын дүрэм он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж ирснийг сонирхуулъя.

1871 он. Хаалгач зөвхөн зөвшөөрөгдсөн тодорхой зай талбайд гараараа тоглодог болжээ. Өмнө нь хаалгач талбайн аль ч хэсэгт бөмбөгийг барьж болдог байв.



1872 он. Булангийн цохилтыг санаачилжээ.



1874 он. Илэрхий бүдүүлэг алдаа гаргасан тоглогчдийг талбайгаас хөөх дүрэм гарчээ. Түүнээс гадна байр солихын өмнө 15 минут амардаг болжээ.

 

 

1875 он.  Хоёрхон шонгоос бүрддэг байсан хаалганд хөндлөвч модыг нэмэх санаачлага гарсан нь удалгүй ажил хэрэг болжээ. Энэ цагаас тайлбарлагч нарын үгсийн санд “хөндлөвч” хэмээх үг нэмэгдсэн юм.



1877 он.  Тоглолтын цагийг 90 минут болгосон нь өдгөө ч мөрдөгдсөөр байна.


 

1883 он. Талбайгаас гарсан бөмбөгийг хөлөөрөө тоглолтод оруулдаг байсан бол толгой дээрээсээ хоёр гараараа оруулдаг болов.



1891 он.  Торгуулийн талбайд алдаа гаргавал эсрэг багт нь 12 ярд буюу 10.97 м-ээс цохилт гүйцэтгэх эрх олгодог болгов. Түүнээс гадна индэр дээрээс тоглолтыг шүүдэг байсан ерөнхий шүүгч талбай дээр ажиллах болж, түүнд туслуулахаар шугамын шүүгчийн орон тоог бий болгов.

 

 

1924 он.  Булангийн цохилтоос хаалганд шууд оруулсан гоолыг тооцдоггүй байсан дүрмийг хүчингүй болгожээ.



1925 он.  Отон тоглолтын дүрмийг мөрдөж эхэллээ.



1929 он.  Хаалгач шүгэл дуугарангуут 11 метрийн цохилт гүйцэтгэх тоглогчийн зүг ухасхийдэг үзэгдлийг арилгахын тулд зөвхөн хаалганы нүүрний шугамын дагуу хөдөлгөөн хийдэг болгов.



1939 он.  Хөлбөмбөгчид цамцан дээрээ заавал дугаар хаддаг болжээ.



1958 он.  Талбай дээр гэмтсэн тоглогчийг сэлгэхийг зөвшөөрөв.


 

1970 он.  Мексикт болсон ДАШТ -ний үеэр бохир тоглосон тоглогчдыг үйлдлээс нь шалтгаалан улаан, шар хуудсаар торгох аргыг санаачилжээ. Мексик-ЗХУ-ын тоглолтын үеэр Евгений Ловчев анхны шар хуудсын эзэн болжээ.



1990 он.  Отон тоглолтын дүрэм улам боловсронгуй болов. Өмнө нь хаалгач, хамгаалагч хоёрын өөдөөс гурав ба түүнээс олон довтлогч гарахыг хориглодог байсан бол энэ удаа шугам харгалзах болжээ.



1991 он.  Аль ч тоглолтод дөрвөн шүүгчийг бэлэн байлгаж, талбайн шүүгч гэмтсэн тохиолдолд сэлгэдэг боллоо.



1992 он.  Хаалгач өөрийн талын тоглогчийн дамжуулсан бөмбөгийг барихыг хориглов.



1994 он.  Телевизийнхний хүсэлтээр FIFA сэлгээний тоглогчид болон дасгалжуулагчдын байрлах бүсийг шугам татаж, шүүгчдийг тод өнгийн өмсгөлтэй болгожээ.



1995 он.  Нэг тоглолтод гурваас ихгүй сэлгээ хийдэг болжээ.



2002 он.  Хаалгач өөрийн бүсэд бөмбөгийг зургаан секундээс илүү барихыг хориглов.

 

 

Л.Болд


Нүүр хуудас